Монгол Улс, Монгол хүн та бид дэлхийд өнөөдөр хаана явна вэ?

2014 оны 9 сарын 01

Хаана хүрч хөгжихөө тодорхойлохоос өмнө эхлээд хаана яваагаа мэдэх нь чухал юм. Иймд Монгол Улс, монгол хүн та бид дэлхийд 200 улсаас хаана яваагаа мэдэх нь хөгжлийн гарцыг тодорхойлох ач холбогдолтой юм. Монголчууд бид дэлхийд юугаараа бахархах ёстой вэ, ямар үзүүлэлтээсээ эмээх ёстойг харуулсан харьцуулсан судалгаа бүхий цуврал ном худалдаанд гарч эхэллээ. Энэхүү 600 гаруй үзүүлэлт бүхий харьцуулсан судалгаанаас харахад Монгол Улс боловсрол, оюуны чадавхи болоод байгалийн нөөц баялаг зэрэг хөгжлийн нөөц, чадавхиар дэлхийд дээгүүрт ордог бол хөгжлийн өнөөгийн түвшнээр Африк, Азийн хөгжиж буй орнуудын түвшинд буюу бололцооноосоо хамаагүй доогуур түвшинд байгааг харж болно. Тухайлбал салбар бүрээр зарим үзүүлэлтийг онцолж үзвэл дараах байдлаар тодорхойлж болно.

Байгалийн нөөц, баялгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх орны нэг ч хамгаалалтын асуудал нь сайнгүй байна. Тухайлбал бэлчээрийн талбайгаар дэлхийд 7-рт, экосистемийн биологийн чадавхийн 1 хүнд ногдох хэмжээгээр 3-рт, улсын тусгай хамгаалалттай газрын хэмжээгээр дэлхийд эхний 10-т ордог ч хүн амд ногдох ойн талбайн хорогдлоор 4-рт орж, хамгийн бага үйлдвэрлэл явуулаад хамгийн их хүлэмжийн хий ялгаруулж буй дэлхийн 5 дахь улс болж, уур амьсгалын эрсдлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн эмзэг 10 орны нэг болж байна.

Эдийн засгийн зарим үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа ч ихэнхи чухал үзүүлэлтээр хамгийн доогуур түвшинд байна. Тухайлбал ДНБ-ий цэвэр өсөлтөөр 2013 онд дэлхийд 4-рт, 2012 онд 3-рт, 2011 онд 2-рт, ДНБ-д ногдох гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувиар 2-рт орсон бол ДНБ-д ногдох төсвийн алдагдлын эзлэх хувь хамгийн их 8 дахь улс болж, инфляцийн өсөлтөөр 7-рт, мөнгөний ханш хамгийн их унасан 5 дахь улс, нийт экспортын өсөлт, бууралтын хувиар эхний 10-т, гадаад худалдааны алдагдал хамгийн их хувиар өссөнөөр 3-рт орж, эдийн засаг нь гадаад худалдаанаас хамгийн их хамааралтай орны нэг болсон. Мөннийт экспортод ашигт малтмалын хүдрийн экспортын эзлэх хувиар дэлхийд 1-рт орж байна.

Уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд дэлхийд тэргүүлэх 20 орны нэг болж байгаа ч үндсэндээ олборлох үйлдвэрлэл явагдаж, боловсруулах үйлдвэрлэл хамгийн доогуур түвшинд байна. Мөн зөвхөн нүүрс, зэс төдийгүй бусад ашигт малтмалын олборлолтоор тэргүүлэх түвшинд байна. Тухайлбал уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувиар дэлхийд 8-рт, нүүрсний нөөцөөр 10-рт, нүүрс нийлүүлэлтээр 10-рт, нүүрсний салбарын ДНБ-д эзлэх хувиар 1-рт, зэс олборлолтоор 10-рт, молибден олборлолтоор 9-рт, хайлуур жонш олборлолтоор 3-рт, төмрийн хүдрийн экспортоор 16-рт, цайрын хүдрийн экспортоор 12-рт, ураны нөөцөөр 11-рт, гянтболдын экспортоор 7-рт тус тус дэлхийд жагсаж байна.

Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хувьд дэлхийд дээгүүрт орж байгаа ч боловсруулах үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортын хэмжээгээр харьцангуй доогуурт орж байна. Монгол Улс тэмээний ноос үйлдвэрлэлээр дэлхийд 1-рт, адууны тоогоор 6-рт, адууны мах нийлүүлэлтээр 6-рт, хонины тоогоор 15-рт, ямааны тоогоор 9-рт орохоос гадна 1 хүнд ногдох адуу, хонь, ямааны тоогоор дэлхийд тэргүүлж буй бол тэмээ, үхрийн тоогоор эхний 10-т орж байна. Мөн ноос, ноолуурын экспортын орлогоор дэлхийд эхний 10-т, хонь ямааны махны хэрэглээгээр дэлхийд 1-рт орж байна.

Эрүүл мэндийн салбарын хувьд харьцангуй доогуур түвшинд байна. Тухайлбал дундаж наслалтаар 194 улсаас 129-рт, эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүгээр дэлхийд эхний 9-д, нийт хорт хавдрын өвчний нас баралтын хүн амд харьцуулсан тоогоор 1-рт, элэгний хорт хавдрын нас баралтын хүн амд харьцуулсан тоогоор мөн 1-рт, улаан хоолойн хорт хавдар болон зүрх судасны өвчний нас баралтын хүн амд харьцуулсан тоогоор эхний 10-т орж байна. Мөн агаарын бохирдлоор дэлхийд 1-рт, хүн амын хамгийн их хувь нь дэлхийд хамгийн их агаарын бохирдолтой хотод амьдардаг улс болдогоос гадна агаарын бохирдлоос шалтгаалсан хүүхдийн нас баралтын хүн амд харьцуулсан тоогоор дэлхийд 5-рт орж байна.

Спортын салбарын үзүүлэлтүүдээр харьцуулсан судалгаа хийхэд хүн амын тоо болоод эдийн засгийн хүчин чадалтай нь харьцуулбал олимпийн спорт болон шатар, даам зэрэг оюуны спортын амжилтаар дэлхийд тэргүүлэх орны нэг болж байна. Тухайлбал Бээжин-2008 болон Лондон-2012 зуны олимпод авсан медалийн улсын нийт хүн амд харьцуулсан тоогоор дэлхийд эхний 5-д, ДНБ-ий хэмжээнд харьцуулсан медалийн тоогоор Бээжин-2008 олимпт 1-рт, Лондон-2012-т 3-рт, эрэгтэй жүдо бөхийн олимпийн амжилтаар Н.Түвшинбаяр дэлхийд эхний 7-рт орж байна. Мөн эмэгтэй шатрын багийн дэлхийн олимпиадад үзүүлсэн амжилтаар эхний 13-т, хүн амын тоотой харьцуулбал шатрын хамгийн олон их мастертай 20 улсын нэг, зуун буудалт даамын хамгийн олон их мастертай 3 дахь улс болж байгаа ч спортын барилга байгууламжийн тоогоор дэлхийд хамгийн доогуур түвшинд байна. Илүү үзэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7976
0 эможи
keyboard_arrow_up