ХӨСҮТ ЗӨВЛӨЖ БАЙНА: Гепатит С вирусын өвчлөл тархалтын байдал түүний оношлогоо эмчилгээ

2014 оны 9 сарын 01

Дэлхий дахинд 185 сая гаруй хүн  архаг С вирусын халдвартай ба дэлхийн хүн амын 2-3% нь халдвартай байна гэж тогтоогджээ. Жил бүр 4 сая орчим хүн  халдварыг шинээр авч, 350.000 орчим хүн  уг вирустэй холбоотой элэгний эмгэгийн улмаас нас барж байна.

 

Монгол улсад архаг С вирусын халдварыг яг одоогоор нарийн тодорхой тогтоогоогүй боловч олон эрдэмтэн, судлаачид янз бүрийн зорилгоор өөр өөрийн судалгааг хийсэн  байдаг. Хамгийн сүүлд 2013 онд Д.Бэхболд нарын хийсэн нэг агшны ийлдэс судлалын шинжилгээ бүхий судалгаа нь халдвар тээгчдийн тоог тооцоолох оролдлого хийсэн байна.
Уг судалгаагаар 20-с дээш насны тодорхой бүлэг дэхь судалгааны  хүн амын дундах тархалтын түвшинг 70% нь архаг вирус тээгч  гэсэн таамаглалд тулгуурлан 98000 хүн архаг вирусын халдвартай   гэсэн тооцоо гарчээ.
20-с дээш насны хүн амд авч үзвэл 10,5% халдвартай гэж дүгнэсэн байдаг.
Манай улсад бүртгэгдэж байгаа  архаг С  гепатитын тархвар зүйн онцлог нь:
- 20 ба түүнээс дээш насанд  тархсан
- Эмэгтэйчүүдийн өвчлөл 1,8 дахин өндөр
- Ажилгүйчүүдийн эзлэх хувь өндөр
- Улирчлалын шинж байдал ажиглагдаагүй онцлогтой гэж судлаачид үзэж байна.

Манай ЭМЯ-ны хувьд халдварт бус  болон халдварт өвчнийг эрэмбэлэн ангилсан байдаг. Уг ангиллаар вируст гепатит С 16-д байдаг ба жилдээ 167 хүн өвдөж байгаа гэж бүртгэгдсэн байна.   Элэг гэмтээгч С вирусээр халдварлагдаад  6 сараас дээш хугацаагаар үргэлжилж буй элэгний үрэвсэлт өвчнийг С вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл гэж нэрлэдэг.  

С вирус нь цус цусан бүтээгдэхүүнээр өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварлагдаж элэгний үрэвсэл үүсгэх ба  дамжих хэд хэдэн зам байдаг. Үүнд:
1. Халдвар хяналтын дэглэм доголдох орчинд цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн, мэс ажилбар бусад процедур хийлгэсэн хүмүүс эрсдэлт хүн амын бүлэг болох ба эрсдлийн түвшин нь тухайн тусламж үйлчилгээний давтамж, халдвар  хяналтын үйл ажиллагааны өнөөгийн түвшнээс хамаарч янз бүр байдаг.  Донор цус болон цуснаас бэлтгэсэн бүтээгдэхүүн халдвартай хүнээс бэлтгэсэн байж болзошгүй тул одоо цагт шинжилгээг нарийвчлан авдаг болсон.  
2. Мансууруулах бодис судсаар  тарьж хэрэглэгчид нь эрсдэл бүлэг ба  нэг зүүгээр олон хүн дамжуулан хатгах нь халдвар тараах өндөр эрсдэлтэй бөгөөд  энэ нь хар тамхичдын дунд элбэг байдаг.  Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчдийн дунд гепатит С вирусын халдварын тархалт дунджаар 67% байна.
3. Эмч эмнэлгийн ажилчдын ялангуяа мэс заслын шүдний зэрэг гараар өвчтөний цустай харьцдаг эмч эмнэлгийн ажилчдад халдварын хувь их байдаг.
4.Гэр бүл доторх үнэнч харьцаанд вирусийн идэвхжил бага тохиолдолд халдварлагдах нь тун ховор харин бэлгийн замбараагүй амьдралтай биеэ үнэлэгчид болон гомо сексчид нарын дунд халдвар өндөр хувьтай байдаг. Хэрэв ХДХВ-ийн халдвар хавсраагүй бол гепатит С вирусын бэлгийн замаар дамжин халдварлах магадлал маш бага. Халдвар тээгчтэй амьдралынхаа туршид хамгаалалтгүй бэлгийн харьцаанд  орсон хүмүүсийн 1-4 % халдвар авдаг хэмээн тогтоожээ.
5.Гепатит С –ийн халдвартай ээжээс төрсөн хүүхдүүд нь бас нэг эрсдэл бүлэг болох ба халдварлах эрсдэл нь 4-8% байна.  Харин эх ганц С вирүсийн халдвартай бус ДОХын хавсарсан  халдвартай бол халдварлах эрсдэл нь 17-25% болж нэмэгдэнэ.
6.Бусад зам : Найдвартай бус гоо сайхны ажилбар ариутгаагүй зүү тариураар ямар нэг арьс нэвтэлсэн ажилбар хийгдсэн тохиолдолд халдвар авч болно.  Шивээс, биеэ цоолж чимэг зүүдэг хүмүүс нь өндөр эрсдэлтэй байх ба шивээстэй хүмүүсийн дундах халдварын тархалтыг шивээс хийлгэж байгаагүй хүмүүстэй харьцуулахад эрсдэл нь 2,24 дахин өндөр байна.  

Архаг үрэвсэл нь нь шинж тэмдэггүй удаан хугацаанд үргэлжилдэг  ба архаг С вирусын халдвартай хүмүүсийн  80 % орчимд нь ямар нэг  шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий. Цочмог С  гепатитаар  өвчлөгсдийн 85 % -аас дээш хувь нь архагшдаг гэж үздэг.  
С вирус нь  дотроо 1а,1б, 1с, 2а, 2б,3а,3б,4,5,6 гэсэн генотипийн ангилалтай байдаг.  2003-2011 онд Монгол-Японы эрдэмтдийн хамтарсан судалгаагаар судалгааны бүлэг дэхь хүн амын 98%-д нь 1б генотип тодорхойлогдсон байдаг.
ДЭМБ болон манай улсын ЭМЯ бусад эрүүл  мэндийн салбар нь С вирусын халдвараас  урьдчилан сэргийлэх олон ажлыг хийж байна.
Жишээлбэл: ДЭМБ-аас дараахь тохиолдлуудад С вирусыг эрт илрүүлэх   зөвлөмж боловсруулжээ.
 Үүнд:
- Халдвар хамгаалалын дэглэмийг стандартын түвшинд мөрдөөгүй эрүүл мэндийн байгууллагт мэс засал / ажилбар хийлгэсэн, шүдний эмчилгээнд орсон/
- Донорын цусанд вируст гепатитын эсрэг бие илрүүлэх шинжилгээг тогтмол хийдэггүй газар цус сэлбүүлсэн
- Халдвар  хамгаалалын дэглэм мөрдөөгүй орчинд шивээс, цоолбор, сорвижуулах ажилбар хийлгэсэн
- Мансууруулах бодис судсаар тарьж эсвэл хамраар сорж хэрэглэдэг бол
- Гепатит С  вирусын халдвар тээгч ээжээс төрсөн хүүхдүүд
- ХДХВ-ын халдвартай өвчтнүүд
- Хоригдлууд болон өмнө нь хоригдож байсан хүмүүс

ХӨСҮТ-ийн Амбулаторийн хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар жилдээ 39000-42000 хүн үзүүлдэг ба 40%  орчим  нь архаг С  вирусын халдвартай гэж бүртгэгдсэн байна.
Хурц С  вирусийн халдвар нь сүүлийн 5 жилдээ 773 хүн буюу нийт үзлэгийн 1,9% эзэлж байна. Үүнээс эдгэрэлтийн хувь хангалтгүй байгаа нь  олон хүчин зүйлсээс болж байна.
1. Хяналтандаа тогтмол хянагдахгүй байна.
2. Хяналтанд байгаа боловч вирусын эсрэг эмчилгээг гүйцэд  стандартаар хийлгэж чадахгүй  байна.  
3. Архаг С вирусын халдвартай хүмүүсийн 95%-с дээш хувь нь генотип тодорхойлох болон вирусын ачаалал тоолох шинжилгээг хийлгэж чадахгүй байна. Вирусын ачаалал тоолуулах шинжилгээ нь манай төвд 125000 төгрөг байдаг ба энэ нь эрүүл мэндийн дааатгалаас санхүүжигдэхгүй байна.
С  вирусын эсрэг эмчилгээ

Уг эмчилгээг эхлэхийн өмнө таны эмч үзэж холбогдох шинжилгээнд дүгнэлт өгч эмчилгээг шийдвэрлэнэ. Эмчилгээний гол зорилго нь
1-вирусийн тоон хэмжээг багасгаж элэгний эд эсээс вирус зайлуулах 2-элэгний үрэвслийн хэмжээг багасгаж элэгний хатуурлаас сэргийлэхэд байдаг . Гол эмчилгээ нь альфа-интерферон юм . Уг бэлдмэлийн үйлчилгээ нь бие махьбодийн өөрийнх нь байгалийн интерфероныг ихэсгэснээр С вирусийг идэвхгүйжүүлэн биеээс зайлуулах үүрэгтэй Гэвч С вирус өөрөө олон омогтой ба   эмчилгээний  гаж нөлөө их   мөн гарах үр дүн зарим тохиолдолд бага байдаг тул заавал мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгэх нь чухал юм.
Интерферон эмчилгээний гаж нөлөө нь ядарч сульдах, халуурах, үс унах, турах, арьс хуурайшиж загатнах, зарим тохиолдолд харшлын тууралт гарах хоол боловсруулах эрхтэний зүгээс бөөлжих, гэдэс дүүрэх, цардайх, цанхайх зэрэг шинжүүд давамгайлан илэрч болно.
Бусад элэгний эд эс хамгаалах витамин, шинж тэмдэгийн эмчилгээг эмчийн заавраар хийгдэнэ.

Манай төвийн хэмжээнд 2010 оноос хойш 36 хүнд пегинтерферон рибаваринтай хавсран стандарт эмчилгээ хийсэн.Нэг хүнд 48  долоо хоног хийхэд  15 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлсэн.  
ДЭМБ-ын эмчилгээний  шинэ  стандартаар / софосбувирийг – пегинтерферон- рибаваринтай хавсран эсвэл генотипоос шалтгаалан интерферонгүй хийх   / энэ эмчилгээ нь Монгол улсад нэвтрүүлэх ажил явагдаж байгаа ба уг эмчилгээ нь С  вирусын 1,2,3,4 генотиптой хүнд 12 долоо хоногийн турш нэг хүнд хэрэглэхэд 84.000 доллар болж байна. Уг эмчилгээ нь ихэвчлэн 2,3-р генотиптой хүнд өндөр үр дүнтэй байгаа ба давхар интерферон хэрэглэхгүй байх сайн талтай юм. Харин 1 ба 4 –р хэв шинжтэй хүмүүст пегинтеферон  рибаварин софосбувирийг хавсран хэрэглэхээр заагдсан байна. Үүний  зөвхөн нэг хүнд хийгдэх интерферон нь 12 удаа таригдах ба нэгж үнэ 369.900 ба нийтдээ 4 сая 438.800 төгрөг болж байна.
 Манайд хүндрэлтэй байгаа асуудал нь :
Архаг С  вирусын халдвартай бүх хүн амыг хамруулах боломжгүй ба учир нь вирусын генотипоо бүрэн тодорхойлоогүй, вирусын ачаалалыг тоолуулах боломжгүй мөн элэгний хатуурлын зэргийг хүн болгон тодорхойлох боломжгүй байна.   
                                  

                                                                                                                             ХӨСҮТөв Амбулаторийн тасаг

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7959
0 эможи
keyboard_arrow_up