Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ
Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Г.Сарангэрэлийг өнгөрсөн долдугаар сарын эхээр гадуур явж байхад нь үл таних этгээд болох Д гэгч 28 настай эр зодсон гэдэг. Тэрээр Г.Сарангэрэл шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан. Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д гэгчид Г.Сарангэрэлийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тухайн үед Г.Сарангэрэл Д гэгчид зодуулсаны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад тус дүүргийн цагдаагийн хэлтсээс Г.Сарангэрэлийг 28 настай Д гэгч эрэгтэйг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус зүйл заалтад догшин авирлаж танхайрсан гэж заасан байдаг юм байна. Г.Сарангэрэл өмнө нь хоёр удаа шүүхээр шийтгүүлж байсан бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял сонсож байжээ.