Халхын голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойн мэндчилгээ
Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Монгол, Зөвлөлтийн эгэлхэн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халхын голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойн мэндийг Монголын нийт ард түмэндээ хүргэн мэндчилье.
Энэхүү гарамгай ялалтын гэрч, амьд халуун домог болон налайж суугаа эрхэм ахмад дайчид, хүндэт буурлууддаа ялалтын баярын сэтгэл догдлом мэндийг хүргэе.
Түүнчлэн тэртээ 1939 оны түгшүүрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрсч, Монгол эх орны минь хөрсөнд үргэлжийн залуугаараа мөнхөрч, эргэж ирээгүй баатарлаг хөвгүүд, охидоо дурсан санаж, мэхийн ёслоё.
Энэхүү түүхт ялалтын ойг ёслон тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн яаж амь, бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд Оросын ард түмэн хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу өсвөр үеийнхэн, цэрэг дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулан байхыг эрмэлздэг билээ. Энэ бол та бидний ахмад үеийнхнийхээ өмнө, дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг юм.
Халхын голын байлдаанд Монгол-Зөвлөлтийн дайчдын байгуулсан ялалт бол Дэлхийн II дайны их ялалтын урьдач нөхцөл байсан тул хүн төрөлхтний түүхэнд Монгол Улсын оруулсан нэгэн тод томруун хувь нэмэр байсан юм. Энэ ялалт зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч аугаа болохыг дэлхий дахинд харуулж чадсан билээ. Чухам хүнд бэрх цаг үе, эгзэгтэй түүхэн мөч бүхэнд хамт байсан Оросын ард түмэнд бид үеийн үед талархаж явах болно. Халхын голд мөр зэрэгцэн тулалдаж явсан баатарлаг дайчдын алдар гавьяа ашид мөнх мандан бадарч байх болтугай. Монгол Төрийн өлмий өнө мөнхөд бат байж, Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.