Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарсан байна
Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарсан ба ирэх 11 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд шалгалтыг явуулахаар болжээ. Энэхүү шалгалтаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог билээ.
Шинэ хуулиар хуульч ба бусад эрх зүйн боловсролтой этгээдийн эрх үүрэг, хариуцлагын ялгааг тодорхой болгосонтой холбоотойгоор уг шалгалтын ач холбогдол, үр дагавар нт өмнөх сонгон шалгаруулалтаас өөрчлөгдөж байгаа аж. Тухайлбал, өмгөөлөгчийн шалгалтыг нэмэлтээр авахгүйгээр, хуульчийн шалгалтанд тэнцсэн тохиолдолд Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсэх, шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болох юм байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг өмнө үйлчилж байсан хууль зүйн зохицуулалтын үр нөлөөний үнэлгээ ба хуульчдын дундах судалгаанд суурилж боловсруулжээ. Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх ба шалгалт бүрийг тусгайлан бэлтгэсэн танхимд, компьютер дээр авахаар төлөвлөжээ. Шалгалтын бүртгэл тов зарласан өдрөөс эхэлж хуульчийн мэргэжлийн шалгалтын өдрөөс 30 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 13-ны өдөр дуусна.
аШалгалтанд оролцохыг хүсэгчид дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.legalinstitute.mn/ хаягаар авах, бодлого ба сорилгын шалгалтын туршилтын хувилбаруудыг үзэж сонирхох боломжтой юм байна. Мөн шалгалтын жишиг сорилгын хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрт худалдаалж байгаа гэнэ.