Оюутны дотуур байрнууд энэ сарын 27-ноос оюутнуудаа авч эхэлнэ
Шинэ хичээлийн жилд хөдөө орон нутгаас 45-50 мянган оюутан нийслэлийн их дээд сургуульд суралцахаар ирэх аж. Тэдгээр оюутнуудын зөвхөн 15 мянга орчим нь дотуур байранд орох боломжтой гэсэн судалгаа бий. Өнөөдрийн байдлаар дотуур байрнуудын засвар 90 гаруй хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын 27-ноос эхэлж оюутнуудаа авч эхлэх юм байна.
Тэгвэл дотуур байрны төлбөр өмнөх жилийнхээс 50-100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, ШУТИС-ын төлбөр өнгөрсөн жил 180-210 мянган төгрөгний хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 100 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна. Мөн МУБИС-ийн дотуур байрны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэхийг сургуулийн ТУЗ-өөс шийд гарсан ч эцсийн байдлаар үнийг тогтоогоогүй байгаа аж. Харин МУИС-ийн дотуур байрны төлбөр нэмэгдээгүй, 250 мянга хэвээрээ байгаа аж. Мянган оюутны байр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 500 мянга болж нэмэгдсэн байна.