Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалт маргааш эхэлнэ
Энэ сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран зохион байгуулах гэж байна. Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэхзорилготой тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудын 40 гаруй зочид төлөөлөгч оролцоно. НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенци батлагдсаны 25 жилийн ой тохиож буй үед зохион байгуулж байгаагаараа онцлог тус чуулга уулзалтаар "Хүүхдийн хөдөлмөр, боловсрол”, "Хүүхдэд үзүүлж буй дэмжлэг, хүүхдэд ээлтэй хот”, "Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих механизм байгуулах” зэрэг гурван үндсэн сэдэвт хуралдаан явуулах юм. Азийн Хүүхдийн эрхийн Форумаас зохион байгуулсан 2009 оны Сөүлийн хурал, 2011 оны Токиогийн хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ удаагийн чуулга уулзалтаар оролцогч улс орнуудын хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахад Олон Улсын байгууллага, Засгийн газрын холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаач, мэргэжилтэн хоорондын харилцаа холбоо, сүлжээг бий болгох, Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг улс орнууд сайжруулах зэрэг асуудлаар бодлогын баримт бичиг гаргахаар төлөвлөж байна.