Агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг 30 км болгоно
Манай улс энэ оны есдүгээр сарын 18-нд агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжих болжээ.
Агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг багасгаснаар Монгол Улсын агаарын зайд нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулан, нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Манай улсын агаарын хил дээр үүсч байсан цуваачлалын асуудалд хүндрэл гарахгүй болж, агаарын хөлгүүдэд өөрсдийн ашигтай өндрийг эзлэн нисэх боломжийг илүү хангаснаар нислэгийн цаг, түлшний зарцуулалтыг бууруулж, агаарын бохирдлыг багасгах боломжтой хэмээн ИНЕГ-аас мэдээллээ.
Өмнө нь агаарын хөлөг хоорондын аюулгүй зай 150 км байсныг ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан. Одоо дахин багасгаж 30 км болгоход шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, бичиг баримтуудад өөрчлөлт оруулах зэрэг бүх бэллтгэл ажлыг хангаж дуусчээ. Өнөөдрийн байдлаар таван радиолокатор, мөн тооны ADSB буюу хамааралтай ажиглалтын систем ажиллаж байгаа бол энэ онд нэмж хоёр радиолокатор суурилуулах аж.
Мөн энэ ажилд чухал шаардлагатай нислэгийн удирдагч нарыг бэлтгэх үүднээс Тайландын вант улсын “Aerotai” компанитай хамтарч хийх нислэгийн удирдагч нарын сургалтыг 5 удаа зохион байгуулж, 60 гаруй хүнийг хамруулсан байна.
Манай улсын хилээр орж ирсэн агаарын хөлгүүд хоорондын зайг холдуулдаг хүндрэлийг арилгаж, нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлыг хоёр хөрш төдийгүй Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос талархал ирүүлжээ.
Монгол Улсын агаарын орон зайгаар нэвтрэн өнгөрч буй өнгөрөлтийн нислэгийн цэвэр гүйцэтгэл эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3555 нислэгээр нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилүүдийн нислэгтэй харьцуулахад “Air China” компани 506, “KLM” буюу Голландын агаарын тээврийн компани 524, “China eastern Airlines” 556, “China southern” 1438 нислэгийг нэмж үйлдсэн байна. Мөн Германы “Lufthanza cargo” компани 345, “TNT” агаарын тээвэрлэгч 236, Хонконгийн “Catayfacific” 347, “British airvays” 556 нислэг нэмжээ. Мөн шинээр Чехийн “Chekh airlines”, Олон улсын шуудан тээврийн “Fedex”, Филиппин улсын “Philippine airlines”, Израйл улсын “Izrail airlines” гэсэн дөрвөн компани нислэг үйлдэх зөвшөөрлөө авчээ.