Хан-Уул дүүргийн ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр өглөө Батлан хамгаалах яамны төлөөлөл болон Хан-Уул дүүргийн удирдах зөвлөлийн төлөөлөл, дүүргийн Цэргийн штабын ажилтан Халх голын дайнд оролцож явсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж тэдгээр ахмад дайчдын гэрт зочиллоо. Хан-Уул дүүрэгт одоогийн байдлаар халх голын байлдаанд оролцож байсан гурван ахмад дайчид амьдарч байгаа бөгөөд түүний нэг нь Б.Сааралдай хэмээх буурай юм.
Тэрээр одоо нас сүүдэр 96 хүрч байгаа бөгөөд одоогоор түүний ухаан саруул, үг нь хурц байгаа нь ярьж байгаа зүйлээс нь илхэн харагдлаа. Түүний хувьд ганц охинтой бөгөөд зээ, гуч нийлээд 18-уулаа өнөр өтгөн сайхан амьдардаг юм байна. Анх 24 настайдаа халх голын байлдаанд явж байсан Б.Сааралдай гуайтай цөөн хором хуучиллаа.
Та анх хэдэн настайдаа халх голын байлдаанд мордож байв. Тухайн үед юу бодогдож байсан вэ?
Өвөө нь хамгийн анх 24 настайдаа халх голын дайнд мордож байлаа. Одоо нас сүүдэр 96 хүрч байна. Залуу байжээ. Хамгийн анх дайнд мордохоор болохдоо айж л байсан. Тэгэхдээ хүн эх орноо хамгаална гэхээр л цаанаа л сайхан санагдаж айх сэтгэл үгүй болж байсан. Оросууд энэ дайнд ялахад их том үүрэг гйүцэтгэсэн. Орос, Монгол хүмүүс ер л цаанаасаа дайн байлдаанд дуртай хүмүүс шиг санагддаг. Сүүлдээ зүгээр суумааргүй санагдаад байлдахыг л хүсдэг байлаа. Энэ талаараа Оросуудтай адилхан юм байна л гэж боддог доо.
Оросуудын хувьд таны боддог бодол?
Энэ дайнд ялахад их үүрэг гүйцэтгэсэн улс бол Орос орон яах аргагүй мөн. Дэлхийд ер нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэй дайн гэж тооцогдож байсан. Яагаад гэхээр агаарын, газрын их том том хэрэгслүүд хавсарсан том дайн. Дэлхийн нэгдүгээр дайнд ч тэр, хоёрдугаар дайнд ч тэр. Хүмүүс тэгж үнэлж байсан. Тэгэхээр Зөвлөлтийн улаан армитай хамтарснаар манайх ялах том хөшүүрэгтэй болсон хэрэг. Монголын 30-40 мянган цэрэг 200-300 хүн болон техникийн чадал сайтай улстай байлдаад ялна гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс бид Оросын армид хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй.
Ямар ангид алба хааж байсан бэ?
Өвөө нь 13-р морьт хорооны тавдугаар двизед явж байсан. Тавдугаар двез гэдэг нь хоёр морьт хороотой, нэг их бууны ангитай тийм хороо байсан. Бид нар жагсаал ангийн дарга нарынхаа үгэнд их орно. Тайван үед бас хоорондоо тоглож наадна. Залуу байхад их сайхан байж.
Дайны үеэр таны хамгийн их сэтгэлд хоногшсон дүр зураг юу байна.
Хамгийн их сэтгэлд хоногшсон зүйл гэвэл цуг байлдаж явсан анд нөхөд маань юм даа. Бас сэтгэлээс гардаггүй нэг зүйл бол надаас болж миний нэг найз шархадсан явдал.
Дайн дуусаад хаана ямар ажил хийж байв?
Дайн дуусаад Увс аймгийн цэргийн штабт насаараа ажилласан. Тэгээд 1970 онд охиноо дагаж хотод орж ирээд энэ дүүрэгт насаараа амьдарч байна даа. Хан-Уул дүүргээс бидэнд тусламж дэмжлэг их үзүүлдэг. Баяр болгоноор бидэнд хүндэтгэл үзүүлдэгт дүүргийн Засаг дарга болон бусад хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлье.