БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын дарга энэ сарын 18-22-ны өдрүүдэд манай улсад айлчилна
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Гуанжоу тэргүүтэй Гаалийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын урилгаар 2014 оны 8 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд албан ёсны айлчлал хийж байна.
Тус айлчлалын үеэр төлөөлөгчид Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон бусад албаны хүмүүстэй хоёр талт уулзалт хийж, Монгол, Хятадын гаалийн хамтын ажиллагааны ерөнхий байдлыг дүгнэж, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцсон юм.
Уулзалтаар :
- Монгол, Хятадын гаалийн хамтарсан шалгалтын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хамтарсан манифестыг цахим хэлбэрээр солилцох асуудлыг эрчимжүүлэх,
- Хоёр орны гадаад худалдааны статистикийн асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Мэдээлэл түргэн шуурхай солилцох механизмыг бий болгох боломжийг судлах,
- Эдийн засгийн итгэмжлэгдсэн операторыг харилцан хүлээн зөвшөөрөх,
- Хууль сахилтын түвшин сайн аж ахуйн нэгжид харилцан хөнгөлөлт үзүүлэх,
- Монгол, Хятадын гаалийн хил дамнасан бараа тээвэрлэх тээврийн хэрэгслийн мэдээлэл болон рентген дүрс зургийг харилцан солилцох,
- Хоёр орны Гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх,
- Худалдааг хөнгөвчлөх, боомтын хөгжлийг түргэтгэх асуудлаар Монгол, Хятадын хамтарсан судалгааны багийн хилийн боомтуудад хийсэн ажлын үр дүнг дүгнэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд Боомтын асуудлаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын Хэлэлцээр байгуулж, Гаалийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд “БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Дорнод дахь гаалийн газар, Манжуурын гаалийн хамтын ажиллагааны харилцан ойлголцолын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа анх 1993 оны “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар эхэлж байсан түүхтэй.
Дээрх 1993 оны хэлэлцээрийн хүрээнд гаалийн хяналт, шалгалт, Хятад улсын “Гаалийн итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор” хэрэгжүүлж байгаа арга ажиллагааг судлаж туршлагаас нь хуримтлуулах, Монгол Улсын Гаалийн албаны боловсон хүчинд оюуны хөрөнгө оруулалт хийж сургалт зохион байгуулах, бараа, тээврийн хэрэгслийн манифестын мэдээллийг цахим хэлбэрээр урьдчилан солилцох, гаалийн зөрчлийн мэдээ, худалдааны луйврыг таслан зогсоох, хилийн боомт нээх, хаах асуудал тохиролцох, Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах хэлэлцээр байгуулах, хилийн боомт дээр гаалийн хамтарсан шалгалт хийх төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар өндөр хэмжээний харилцан айлчлалууд, хамтран ажиллах ажлын уулзалтуудыг хийж ирсэн хэдий ч хоёр орны хамтын ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Монгол Улсад анх удаа айлчилж байгаагаараа энэ удаагийн айлчлал түүхэн үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой юм.