Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт Боловсролын салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.08.13-2014.08.20/
СБД Засаг даргын орлогч Л.Амарзаяа: Шинээр дөрвөн сургууль, долоон цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Манай дүүргийн хувьд боловсролын салбартаа гол анхаарлаа хандуулан ажилладаг. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролд. Ийм учраас сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг дөрвөн чиглэлээр буюу дүүрэг, нийслэл, улс, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар засварыг хийж байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд арав орчим сургуульд засвар хийнэ. Ажлын гйүцэтгэлийг багцалбал 50-60 хувьтай байна. Тиймээс есдүгээр сарын нэгэн гэхэд гүйцэтгэл 80-90 хувьтай болно. Харин зарим ажил гүйцэтгэгч нь шалгараагүй гэдэг үндэслэлээр хоцорч байгаа тохиолдол бий. Мөн дүүргийн зүгээс засварын ажлаас гадна, материаллаг бааз, ялангуяа хүүхдүүдийн сурах орчин, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийн асуудалд ихээхэн анхаардаг. Одоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Өнгөрсөн онд хөвгүүдийн хөдөлмөрийн хичээлийн төхөөрөмжийг бүх сургуульдаа нийлүүлсэн. Харин энэ жил охидын хөдөлмөрийн кабенитэд тоног төхөөрөмж нийлүүлнэ. Түүнчлэн цэцэрлэгийн зөөлөн эдлэл буюу хөнжил, гудас, даавуу, тодорхой хэмжээний тоглоом болон гал тогооны тоног төхөөрмжийг шинэчилж өгнө. Өмнө нь эцэг, эхчүүдээр нь бэлдүүлдэг байсан шүү дээ. Тиймээс цэцэрлэгүүд энэ хичээлийн жилд шинэ зөөлөн эдлэл, тоглоомтой элсэгчдээ хүлээн авна. /Нийслэл таймс 2014.08.13 137/
МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун: Мянган оюутны байрны төлбөр энэ сарын 20 гэхэд тодорхой болно
Орон нутгаас нийтдээ 83 мянган оюутан, залуучууд Улаанбаатар хотод ирж суралцдаг. Үүнээс 16 мянга буюу 20 гаруй хувь нь л оюутны байраар хангагддаг. Харин 43 орчим нь нийтийн байрыг хөлслөн сууж байгаа бол 40 гаруй хувь нь хамаатан садныхаа айлд сууж байна гэсэн судалгаа гардаг. Оюутны байранд сууж байгаа 16 мянган оюутнуудаас шинээр баригдсан мянган оюутны байрандаа сургууль тус бүр квотынхоо дагуу орно. Шинэ баригдсан мянган оюутны байранд орох оюутнууд Монголын Оюутны холбоо болон Мянган оюутны байран дээр ирж бүртгүүлэхгүй. Харин өөрийнхөө сургуулийн захиргаанд хандах ёстой. /Нийслэл таймс 2014.08.13 137/
БШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа:Шинэ сурах бичигт бие даах дасгалын түлхүү оруулсан
Энэ жил БШУЯ долоо, арванхоёрдугаар ангийн сурах бичгийг шинээр зохион хэвлүүлж байгаа. Энэ номнууд маань бүгд хэвлэгдэж дуусаад сургуулиудад хүргэсэн. Есдүгээр сарын 1 гэхэд хүүхдүүд сургуулиараа дамжуулаад номоо авна. Харин нэгээс тавдугаар ангийн сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэл бүрэн дуусч саяхан хэвлэх үйлдвэрүүдрүү шилжүүлсэн. Энэ сарын 25 гэхэд сургуулиудад тараана. /Нийслэл таймс 2014.08.14 138/
МОХ-ны төсөлт хөтөлбөр хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.САНЧИРБААТАР: Ашиглалтаас гарах болсон дотуур байрны талбайд шинэ байр барих хэрэгтэй
Ерөнхийдөө 16 мянга орчим оюутан дотуур байранд амьдрах хүсэлтээ албан ёсоор гаргасан. Цаашлаад энэ тоо нэмэгдэх хандлагатай. Барагцаагаар 40, 50 жил болсон ашиглалтаас гарах болсон хуучин дотуур байр нэлээд байна. Тиймээс тэдгээр дотуур байрныхаа талбайг зөв ашиглаж олон улсын стандартад нийцсэн байр барьж хотхон чигээр нь хөгжүүлж чадах юм бол дотуур байрны хүрэлцээ муу гэдэг асуудлыг ярихгүй байх. Тухайлбал, “Оюутны өргөө цогцолбор” шиг арван давхар барилгыг ашилалтаас гарах болсон дотуур байрны талбайд барих хэрэгтэй л дээ. Их, дээд сургуулиуд кампус хэлбэрээр хөгжинө гэж ярьж байгаа. Хэрвээ ингэж чадвал дотуур байр, номын сан зэрэг нь цогцоороо шийдэгдэх боломжтой./Монголын үнэн 2014.08.14 153/
БШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гаттулга: Сурагчийн дүрэмт хувцсыг энэ сарын 30 хүртэл худалдаална
Өнгөрсөн жил цаг хугацаа тулгамдуу байсан ч бага ангийн сурагчдыг дүрэмт хувцсаар 100 хувь хангасан. Энэ жилийн хувьд дүрэмт хувцасны ханган нийлүүлэлтийн ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн. Энэ сарын 30 хүртэл дүрэмт хувцас борлуулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулна./ Үндэсний шуудан 2014.08.15 154/
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол, Бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга: I-V ангийн сурах бичиг 100 хувь шинэчлэгдсэн
2014-2015 оны хичээлийн жилд Бага боловсролын шинэчлэлийн хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хөтөлбөрийн туршилтын үйл ажиллагаа өнгөрсөн жил 40 түшиц сургууль дээр амжилттай болсноор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд сурах бичгийн шинэчлэлийн баг ажиллаж I-V ангийн сурах бичгийг 100 хувь шинэчилсэн. I-V ангийн 33 нэр төрлийн ангийн сурах бичиг хэвлэлтэд орж, нийт 1.620.000 ширхэг хэвлэгдэж гарсан. Сурах бичгийн түгээлтийн ажил энэ сарын 15-нд эхэлсэн. Аймаг, нийслэлийн Боловсролын газруудаар дамжуулан сургуулиудад түгээж байна. Мөн дээр сурах хичээл бүр багшийн номтой болж байгаа. 38 нэрийн багшийн ном хэвлэгдсэн. Тухайлбал, биеийн тамирын багш ч гэсэн номтой болж байгаа юм. Бага насны хүүхэдтэй хэрхэн харилцах, хичээл, сургалтыг яаж зохион байгуулах, хүүхдийг хичээлд идэвхтэй оролцуулах вэ гэсэн зааварчилгатайгаар багшийн номын гаргасан. /Нийслэл таймс 2014.8.19 141/
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол, Бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга: Үйлдвэрлэгчид сургуулиудад дүрэмт хувцсыг шууд нийлүүлж байна
Өнгөрсөн хичээлийн жилд бага ангийн 56 мянган сурагчийг 100 хувь дүрэмт хувцсаар хангасан. Тухайн үед цаг хугацаа тулгамдуу байсан учир дунд болон ахлах ангийн сурагчдыг бүрэн хангаж чадаагүй. Энэ жил 59500 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоо гарсан./Монголын үнэн 2014.08.20 157/
БШУ-ы сайдын зөвлөх С.Батсүх: Бага ангийнханд мэдлэг, мэдээлэл олгохоос илүү сурах арга барилтай, зөв хүн болж төлөвшихөд нь анхаарч байна
Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хоёр жил туршин сайжруулсан. Багш, сурагч, эцэг эх, олон нийтийн санал асуулга, мэргэжлийн байгууллагын судалгаанаас харахад үр дүн нь эерэг гарсан./Өнөөдөр 2014.08.15 187/
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэн: Багшлах эрхийн шалгалтыг 3984 хүн өгснөөс 442 нь тэнцжээ
Тэнцсэн хүмүүст тухайн мэргэжлээрээ багшлах нэг жилийн эрх олгоно. Энэ хугацаанд тэр хүний чадвар, ёс зүй, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй эзэмшсэн эсэх, багшаар ажиллаж чадах үгүйг харна. Үүний дараа үндсэн сургалтад хамрагдаж, багшлах эрх авна. /Өнөөдөр 2014.08.15 187/