ШТС-аас үхэл салахаа больсон уу?
Эрдэнэт хүний амь нас 1сая төгрөгөөр үнэлэгдэх цаг болж улмаар Төв аймгийн Сэргэлэн сумын “Өндөр дов” гэх газарт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй Ц-г хөнөөж орлогынх нь 1сая төгрөгийг авч зугтсан ноцтой хэрэг гарлаа. Ийнхүү шатахуун түгээх станцтай холбоотой аймшигт хэргүүд тасрахгүй нь бололтой 2011 онд мөн л Төв аймагт Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан далай” ШТС-ын эздэд халдаж, эхнэрийг нь буудаж хөнөөн зугтсан хэрэг гарч байжээ. Хэрэгтэн одоог хүртэл баригдаагүй бөгөөд ШТС-ын орлогын гурван сая төгрөгийг авч сураггүй болсон байна. Хэрэг гарсан Шунхлайн ШТС-д сумаасаа зайдуу ганц эмэгтэй хүн ажиллуулдаг байсан байна. Хяналтын камер байршуулж Шунхлайн удирдлагын төвөөсөө хянадаг гэсэн ч талийгаачийн ар гэрийнхний хэлснээр хяналтын камер ажилладаг байсан эсэхэд эргэлзсэн байна. Халдлагын үеэр камерыг эвдсэн ч хяналтын камерыг сэргээх ажил үргэлжилж байгаа аж. Шунхлайд үйлчлүүлэхээр очсон үйлчлүүлэгч нь анх мэдэж дуудлага өгсөн гэх ар гэрийнхэнд нь цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Талийгаачийн ар гэрийнхэний хэлж байгаагаар “Манай эгч энэ Шунхлайн ШТС-д түгээгчээр ороод дөрвөн жил болж байсан. Энэ хугацаанд нэг ч удаа ээлжийн амралт авч үзээгүй. Бие нь өвдөж байсан ч ажиллаж байдаг хүн. Энэ жил анх удаа ээлжийн амралт авч айраг, цагаан дээр гарч, төрөлх Баян сумынхаа ойд оролцож байхад нь ажлаас нь дуудсаар байгаад хугацаанаас нь өмнө ажилд нь оруулсан. Энэ ШТС-д даргатайгаа нийлээд ердөө гуравхан хүн ажилладаг. Уг нь таван хүн ажиллах ёстой юм билээ. Хэрэг гарсан талаар манай том эгчид 06.00 цагийн үед цагдаагийнхан утсаар мэдэгдсэн гэж ярисан байна. Урьд өмнө гарсан хэргүүд ШТС-уудыг улам сонор сэрэмжтэй ажиллахыг сануулсаар байгаа энэ мөчид холбогдох хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг харах цаг боллоо. Бид энэ тухай эргэн мэдээлсээр байх болно.