Өнөөдрөөс автомашины дугуйг түгжих журам хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаараар нь хөдөлгөөнд оролцуулах болсон. Мөн үүнтэй зэрэгцэн нийтийн тээврийн том оврын автобусыг автозамын нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг гаргасан нь амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл нийслэл автомашины дугүйг түгждэг шинэ журам хэрэгжүүлж эхэлжээ.
Өнөөдрөөс эхлэн түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгсэлийн дугуйг түгжих журам хэрэгжиж эхэлж байна. Уг ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах бөгөөд гүйцэтгэлийг гэрээ байгуулсан дөрвөн аж ахуйн нэгжээр хийлгэх юм байна. Харин дугуйгаа түгжүүлсэн тохиолдолд 20 мянган төгрөгийн торгууль төлж тайлуулах учиртай. Дугуй түгжигчийг ашиглаж эхэлснээр тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа зогсохгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зарим тохиолдолд ачиж, журамлана гэдгийг холбогдох байгууллагаас нь анхааруулж байна.