14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүснэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа 08-р сарын 01-нээс эхэлсэн. Маргааш буюу 08-р сарын 15-ны өдрийн 12:00 цагаас цахим бүртгэлийн системийг хааж бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах гэж байна. 8 дугаар сарын 15-ны 12:00 цагаас энэхүү үйл ажиллагааг UBS телевизээр шууд дамжуулна.
Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянга орчим иргэн бүртгүүлжээ. Үүнээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм.