Нийтийн тээврийн төлбөрийн систем цахим хэлбэрт шилжинэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-нд болсон ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх гэрээ байгуулах, эрх олгох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Загийн газраас “Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлэх” асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ хүрээнд нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг төлбөр, үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг судлах, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар ахлуулсан байгуулж аж ахуйн нэгжүүдэд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх төслийн нээлттэй, сонгон шалгаруулалт зарласан байна. Нийт 10 аж ахуйн нэгж санал ирүүлснээс мэдээллийн технологийн томоохон компаниудын нэгдэл “Дата карт консорциум”-ыг шалгаруулжээ.
Ухаалаг тээврийн систем гэдэг нь тээврийн хэрэгслийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, тав тухтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийг хангахад чиглэгдсэн мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг хэрэглэх замаар эрчим хүчний хэрэглээг багасгах тээврийн систем юм байна. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н. Гантөмөр цахим төлбөрийн системийн талаар танилцуулахдаа, цахим төлбөрийн системийг нэвтрүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт, сайжиран, зорчигчид гар утас болон төлбөрийн картаар төлбөрөө хийх боломжтой болохоос гадна холбогдох хуулиудын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийн тээврийн зардалд төсвөөс олгож буй нөхөн олговорыг хуваарилалтыг оновчтой хийх, цаашлаад нөхөн олговорыг эрх бүхий иргэдэд олгож бүх нийтээр хөлс төлдөг зарчимд шилжих боложмтой болно гэдгийг онцолж байв. Мөн дамжин суултанд хөнгөлөлт олгох зарчмаар төлбөрийн системийг боловсруулж зорчигчид нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, цагийн хуваарь, тухайн чиглэлийн автобусны байршлын мэдээллүүдийг гар утас, интернэт, автобусны зогсоолд байрлах электрон самбараас авах боломжтой байхаар хийнэ гэлээ.
Тус консорциум НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Шинэ техник технологи ноу-хау нутагшуулах журам”-ын дагуу өөрсдийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлж хөрөнгө оруулалтаа төслийн ашгаар буцаан төлөх хэлбэрээр гэрээ хийх юм. Тиймээс цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхэд нийслэл болон улсын төсвөөс хөрөнгө гарахгүй юм байна.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлэхийг дэмжин тус консорциумтай гэрээ байгуулах эрх олголоо. Мөн энэхүү төслийг 6-8 сарын хугацаанд хэрэгжүүлж ирэх жилийн 2 сард нийтийн тээврийн төлбөрийн системийг цахим хэлбэрт шилжүүлэх үүрэг өглөө.