Зүүн Хойд Азийн хотуудын дарга нарын чуулга уулзалт болно
Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2014 оны 8 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”- ыг “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор зохион байгуулах гэж байна. Форумд БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга, Тяньжин, Хайлаар, Шиньян, Хөх хотын төлөөлөгчид, ОХУ-аас Владивосток, Якутск, Новосибирск, Эрхүү, БНСУ-аас Пёнчан, Япон улсаас Нигата, БНАСАУ-аас Пхеньян, Венсань, Хамхын, Расон хотууд, манай улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чингис, Баруун-Урт, Чойбалсан зэрэг нийт 20 хотын дарга, төлөөлөгчид, ОУ-ын байгууллагууд оролцох юм. Хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон оролцогч хотуудын дарга нар нээж үг хэлнэ.
Хуралдаан “Хотуудын тогвортой хөгжил-Амжилтын туршлага”, “Хотуудын тогтвортой хөгжлийн талаарх 7 дахь удаагийн Хот байгуулалтын Дэлхийн форумын үр дүнгийн танилцуулга, “Хотын удирдлага болон Үйлчилгээний хангамж-технологи, Инновацийн туршилт хийх”, Зүүн хойд Азийн хотуудын Эдийн засгийн хөгжил, Хотын Байгаль орчны удирдлага ба Ногоон хөгжил гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх юм. Форумын үеэр оролцогч хотуудын танилцуулга мэдээлэл, чөлөөт хэлэлцүүлэг, Улаанбаатар хоттой танилцах аялал хийнэ. Тус форумыг нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотноо анх удаа хийж байгаа бөгөөд энэ нь нийслэл төдийгүй улс орны гадаад харилцаа, улс төр, эдийн засагт чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Форумаас “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын хамтарсан албан мэдээ гаргах бөгөөд цаашид уламжлал болгон 2 жил тутамд зохион байгуулах талаар ярилцана. Энэ нь Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм