Хувьсгалт Монгол танкийн бригадын хөшөөг засварлахаар боллоо
Халхын голын дайны түүхт ялалтын 75 жилийн ой ирэх наймдугаар сард тохионо. Иймээс Халхын голын дайны ялалтын үнэ цэнийг залуу хойч үеийнхэндээ мэдрүүлэх, Монгол, Орос улсын найрамдалт харилцаа, хамтыг ажиллагааг батжуулах, ахмад үеэ хүндэтгэх, залуу үеийг ахмад үеийн баатарлаг дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, үндэсний эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх,
эх түүхээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх зорилгоор ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх асуудлыг БХЯ-наас санаачилж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ойг энэ оны 8 дугаар сард улс орон даяар тэмдэглэхээр боллоо.
Энэ ажлын хүрээнд ойг зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсэг, мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ойг зохион байгуулах салбар ажлын хэсэг томилогдож, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Салбар ажлын хэсэг эхний ээлжинд 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, ерөнхий ажлын хэсгийн ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөр, ойн хүндэт тэмдгийн загварыг гаргаж, Засгийн газрын комиссын хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн.
Соёлын өвийн тухай хуулинд хөшөө дурсгал орон нутгийн хамгаалалтад байна. Дурсгалыг сэргээн засварлах ажлыг орон нутаг төсөвтөө тусгаж, тухайн аймаг, орон нутаг хэрэгжүүлдэг заалттай учраас орон нутгийн удирдлагуудад түүхт ялалттай холбоотой хөшөө, дурсгалын газруудыг сэргээн засварлах үүрэг чиглэл өгүүлсэн. Үүнээс гадна зарим байгууллагуудад хандаж байгаа. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам манай саналыг дэмжиж, Хувьсгалт Монгол танкийн бригадын хөшөөг засварлахаар болсон байна.
70 жилийн ойгоор 131 ахмад дайчин амьд сэрүүн байсан бол энэ оны 3 дугаар сарын 15-ны байдлаар 39 ахмад дайчин энх тунх байна. Орон сууц, тэтгэлэг гээд нийгмийн асуудлыг зохих түвшинд шийдэж ирсэн, энэ жил ч гэсэн онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна.