Олон улсын хурал сургалтад Ази, номхон далайн бүсийн орнуудаас 50 гаруй төлөөлөгчид оролцоно
Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан “Олон улсын хурал, сургалт”-ыг Монгол улсад анхлан зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан, мэдээлэл өглөө.
Шинжлэх ухаан технологийн ерөнхий хөгжлийн хурд улам нэмэгдэж буй өнөө үед хүний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, өвчин эмгэгийг оношлох, сэргийлэх эмчлэх, алдагдсан бүтэц үйл ажиллагааг нөхөн сэргээх арга ажиллагаа байнга шинэчлэгдэн, мөн эрүүл мэнд-анагаах ухааны технологийн дэвшил ч хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ нь шинжлэх ухааны шинэ мэдээллийг цаг тутамд тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхийг шаардаж байгаа бөгөөд уг мэдээллийг дамжуулах гол хэрэгсэл нь цахим болон хэвлэмэл сэтгүүлүүд байдаг. Эдгээр сэтгүүлийг хөгжүүлэх нь анагаах ухааны салбарт ажиллагсдад нэн шаардлагатай байгаа юм.
Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан олон улсын хурал, сургалтыг 2014 оны 8 дугаар сарын 13-17-д Манай улсад зохион байгуулахаар болж бэлтгэл ажлыг хангаад байгааг дуулгалаа.
Хурал, сургалтад Ази, номхон далайн бүсийн 15 орны 50, манай орны 150 гаруй төлөөлөгч оролцох юм.
Манай улс дээрх байгууллагуудын гишүүн бөгөөд 2008 оноос хойш үйл ажиллагаанд нь тогтмол оролцож, анагаах ухааны 11 сэтгүүлээ бүртгүүлж, эдгээр сэтгүүлийн цахим мэдээний санг байгуулж, шинжлэх ухааны нотолгоог эрүүл мэндийн салбарын бүх шатанд цаг алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлж эхэлсэн.
Өргөн уудам нутагтай хүн ам нь тархай бутархай оршин суудаг манай оронд анагаахын сэтгүүлүүдийн цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд олон нийтэд анагаах ухааны шинэ мэдлэг, мэдээлэл түгээгдэж, дэлхийн бусад орны судлаачид, манай эрдэмтэн судлаачдын бүтээлтэй танилцах, шинжлэх ухааны нотолгоог эрүүл мэндийн бүх шатанд цаг алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Манай улсад анхлан зохион байгуулж буй энэ удаагийн олон улсын хурал анагаахын сэтгүүлүүдийн өнөөгийн стандарт болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар үр дүнг сайжруулахад зөвхөн Монголын төдийгүй Ази, Номхон Далайн бүсийн хэмжээнд чухал ач холбогдолтой юм.
Олон улсын хамтын ажиллагаа нь анагаах ухааны сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрдэм судлалын ажлын чанар үр дүнг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд мэдлэг мэдээлэл нэвтрүүлэх, оновчтой шийдвэр гаргаж хэрэгжүүлэхэд ихээхэн чухал юм.
Энэхүү хамтарсан хурлын үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг шуурхай түгээх тогтолцоог хөгжүүлэх, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар, үр дүнг сайжруулахад чиглэгддэг.