Дунд хугацааны тайлан танилцуулах уулзалт болж байна
Өнөөдөр 09 цагаас 12 цагийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас МУ-ын Засгийн газар НҮБХС хамтран хэрэгжүүлэх 2012-2016 оны Улс орны хөтөлбөрийн Дунд хугацааны тайлан танилцуулах уулзалт Туушин зочид буудлын Соёмбо хурлын зааланд зохион байгуулагдаж байна.
Тус хуралд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ганболд, НҮБХС-гийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл, НҮБХС-ийн Зүүн Өмнөд Ази Номхон Далай Бүсийн дэд захирал Исиеэ Домби, БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон бусад төлөөлөлч нар оролцлоо.
Тус дунд хугацааны хэрэгжилт нь Монгол улсын засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран боловсруулсан 2012-2016 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөр нь хүүхэд эмэгтэйчүүд болон ядуу айл өрхийн хүний эрхийн хэрэгжилтэд ахиц гаргах, нийгмийн салбарын үр дүнтэй, зорилтот төсөвлөлт хийх үндэсний чадавхийг бэхжүүлэх, түүний бодлого арга механизмыг чанаржуулахад нь Монгол улсын засгийн газарт техникийн туслалцаа үзүүлэх үндсэн зорилготой.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш багагүй ахиц дэвшил гарсны дотор хүүхдийн аж байдал доройтол, ялгаатай байдлын талаарх ойлголт сайжирсан, хот болон хотын захын хороололд амьдардаг хүүхдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийн хүртээмж нэмэгдэж хүүхдийн эндэгдэл, өсөлт хоцрогдолд дорвитой ахиц гарсан ба усан хангамж, ариун цэврийн байгууламж сургуулийн өмнөх боловсролын үзүүлэлтүүд сайжирсан гэсэн дүгнэлт гарсан байна. Хэдий нийгмийн үзүүлэлтүүдэд ахиц гарсан боловч хүүхдийн хүчирхийлэл, зан үйлийн үзүүлэлтүүд, нийгмийн суурь үйлчилгээний чанар зэрэг тулгамдсан асуудлууд байсаар байгааг хуралд оролцогсод онцолж байлаа.
Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж буй 2012-2016 оны Улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, ирэх хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги, чиглэл, арга замыг өөрчлөх эсэх дээр ярилцах зорилгоор дунд хугацааны тайлангийн хурлыг Засгийн газрын үндсэн хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран салбаруудын хэмжээнд өмнө нь хэд хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд эдгээр хурлаас гаргасан санал зөвлөмжийг өнөөдөр болсон үндэсний хэмжээний хурал дээр танилцуулан баталгаажуулах юм байна. Дунд хугацааны тайлангийн хурлын дүнд 2015-2016 орны улс орны хөтөлбөрийн стратегид дараах хэдэн чиглэлийг түлхүү баримтлан ажиллахаар болсон ба үүнд:
- Бодлого, эрхзүйн орчныг сайжруулах, стандарт хэм хэмжээг бий болгох, байгууллага хоорондын зохицуулалтыг сайжруулах, түншлэлийг бэхжүүлэх
- Төвлөрлийг сааруулсан орчинд төлөвлөлт, төсөвлөлт хийх, нотолгоонд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт хийх арга чадамжийг дэмжих
- Тэгш байдлыг хангахын төлөөх үр дүнд чиглэсэн хянлт үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх гэх мэт олон чиглэлийг гаргасан байна.