Бага ангийн сургалтын хөтөлбөр бүрэн шинэчлэгдлээ
Боловсрол, шинжлэх ухааны яам энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн буюу нэгээс тавдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчилжээ. Шинэчилсэн хөтөлбөрийг нийслэлийн 40 сургуульд бүтэн жилийн хугацаанд туршиж, үр дүн нь нааштай гарсан тул энэ жилээс орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Багшийн заах арга, хүүхдэд өгөх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичиг, хичээлийн явц гээд бүх л зүйлийг шинэчилсэн байна. Энэ нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлнэ хэмээн хөтөлбөрийг шинэчилсэн эрдэмтэн, багш нар үзэж байгаа юм. Үүний бэлтгэл ажил болгож Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 30 мянга гаруй багшид сургалт явуулсан ба хөдөө орон нутагт сургалт үргэлжилсээр байгаа юм байна. Сургалтанд хамрагдсан багш нар “Шинэчилсэн хөтөлбөртэй танилцаад үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Багш заана гэдэг ойлголт үгүй болж хүүхэд хөгжихөд багш туслагчийн үүрэг гүйцэтгэдэг болж байна. Хүүхдийнхээ авьяас чадвар, дур сонирхлыг чухалчилсан хүүхэд төвтэй сургалт явуулдаг болно. Нэг хичээлийн 40 минутад хүүхэд ямар чадвараа ахиулмаар байна, түүнийгээ л хийх эрхтэй болж байна. Багш ч мөн адил хэзээ ямар хичээлээ хэдэн цагаар яаж орохоо яамны оролцоогүй өөрөө шийддэг боллоо. Өмнө нь тайлан конспектод зарцуулдаг байсан цагаа өөрийн болон хүүхдийнхээ хөгжилд зарцуулах эрхтэй боллоо. Ингэснээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн боломжтой болж байна” хэмээн ярилаа. Тэгэхээр энэ намар бага ангийн хүүхдүүдийг өмнөхөөс тэс өөр сургалтын орчин хүлээж байгаа юм байна.