Өмнөд Суданд энхийг сахиулах 4-р ээлжийн дайчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

2014 оны 8 сарын 08

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн бие бүрэлдэхүүн өчигдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ындэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, АУГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын БХЯ, ЗХЖШ, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, албаны бусад хүмүүс, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, Мотобуудлагын батальоны захирагч, дэд хурандаа М.Батчулуун томилогджээ.

UNMISS ажиллагаанд оролцож буй НҮБ-ын цэргийн бие бүрэлдэхүүн тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард түмний амгалан тайван байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулдаг үндсэн чиг үүрэгтэй. Өмнөд Суданд алба хаасан манай өмнөх гурван ээлжийн энхийг сахиулагчид цэргийн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүмүүнлэгийн үйлст оролцож, сургуулийн байшин барилга ч барьж өгснийг нутгийн ард түмэн бахархан өгүүлдэг. Орон нутгийн зэвсэгт халдлагын үеэр олон үндэстний хүмүүсийн амийг аварч, аюулгүй газарт хүргэсэн өмнөх ээлжийн энхийг сахиулагчдын алдар гавьяаны тухай мэдээлэл өнөөдөр хуучраагүй байна.  

Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо тунхагласан тэр өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өөрийн биеэр хүрэлцэн очиж, энх тайвныг бэхжүүлэх, хоёр Суданы мөргөлдөөнт байдлыг намжаахын тулд Олон улсын энхийг сахиулагчдыг илгээх тухай анх мэдэгдсэн юм. Манай улс 2012 оноос энэхүү ажиллагаанд оролцож эхэлсэн төдийгүй ийнхүү 850 хүний бүрэлдэхүүнтэй 4 дэх ээлжийн батальонаа илгээхээр бэлтгэл сургуулилтаа хангасан байна. Энэ удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадна онцгой байдал, хил хамгаалах, цагдаа гээд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл мөн орсон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6766
0 эможи
keyboard_arrow_up