Амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт “Сайн өдөр”-ийн зах үргэлжлэн ажиллана
2014 оны 08 дугаар сарын 02-ноос эхлэн 11 дүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гарагт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болжээ. Сайн зах нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын урд талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай гэсэн дөрвөн цэгт энэ 7 хоногт үргэлжлэн ажиллах юм байна. Хэрэглэгч та бүхэн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулж, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Сайн өдөр”-ийн зах ажиллуулах захирамж гаргасан хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн юм.
Ирэх бямба гарагийн 09.00 цагаас эхлэн долоо хоног бүрийн хагас, бүтэн сайнд дээрх дөрвөн байршилд гарах асар бүхий захад худалдаа үйлчилгээ хийх иргэдийн бүртгэлийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст авч байгаа юм байна.