Төв замаар сар бүр 40-50 мянган төгрөгөөр зорчих уу?
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нэгэн шуугиан тарьсан журам санаачилжээ. Тодруулбал иргэд автомашинтайгаа хотын төв замаар зорчихдоо сар бүр 40-50 мянган төгрөгийн хураамж төлөх гэнэ. Тэрбээр энэхүү журмаа Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан бөгөөд энэ сарын 13-нд хуралдах тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Мэдээж энэхүү хачин журам иргэдэд таалагдахгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч ард иргэд үүнийг ихэд эсэргүүцэж байна. Тэд хэрэв энэ журам батлагдвал хотын төвөөр Ланд-200 маркийн машинууд элдэв түгжрэлгүй чөлөөтэй давхилдах боломжтой болох гэнэ. Харин хотын захын хорооллын там болсон замууд дээр жирийн иргэд түжирч зогсоно хэмээж байна. Түүнчлэн эрх мэдэлтнүүд өөрсдийгөө жирийн иргэдээс хэт холдуулж томоохон зааг гаргаж байна хэмээх иргэд дургүйцлээ цахим ертөнцөөр илэрхийлсээр байна.
Хотын дарга энэхүү журмыг боловсруулахдаа дэлхийн томоохон хотуудаас жишээ авч боловсруулсан нь тодорхой. Гэвч тэдгээр хотуудтай манай нийслэл хотын автозам адилхан байж чадах уу гэдэгт асуудал байгаа юм. Дэлхийн томоохон хотуудад төв замаар зорчихдоо тодорхой хураамж төлөх журам үйлчилдэг ч мөнгө төлөхгүй явах боломжтой туслах замууд нь зохион байгуулалт сайтай иргэдэд чиргэдэл учруулдаггүй байна. Тэгвэл манай захын хорооллын туслах замууд ямар дүр зурагтайг бид бүгд мэдэж байгаа учир ингэж өөрсдийгөө өндөр хөгжилтэй зам харилцаа сайтай томоохон хотуудтай зүйрлэн журам гаргах нь буруу юм. Тиймээс энэхүү журмыг тал талаас нь сайтар судалж батлах нь зүйтэй юм.
Нэмж өгүүлэхэд хотын төв гэх хязгаарлалтад Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Гэсэр сүмээс Сансарын түнелийн уулзвар, Ж.Самбуугий гудамжнаас Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайван өргөн чөлөө орчимд хамаарах зам уулзварууд ордог аж.