Хүүхэд, гэр бүлийн салбарын 98 албан хаагчид магистрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ

2026 оны 11 сарын 27

Arslan.mn

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Олон улсын Улаанбаатарын их сургууль хүүхэд, гэр бүлийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хоёр байгууллага 2025 оны наймдугаар сард гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд “Гэр бүл судлал – Е031403” магистрын хөтөлбөрт суралцаж буй төрийн албан хаагчдад сургалтын төлбөрийн 30 хувийн тэтгэлэг олгох, салбарын мэргэжилтнүүдийг давтан сургах богино хугацааны сургалт зохион байгуулах, гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга зүй, гарын авлага боловсруулах, мөн тус сургуулийн дэргэдэх “Гэр бүлийн зөвлөгөө, боловсролын онол, арга зүйн төв”-ийн үйл ажиллагааг тогтворжуулж, бэхжүүлэхээр тусгасан юм.
Өнөөдөр Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол Улсын Гавьяат багш, Нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор, дэд профессор Х.Баавгай, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхантай уулзаж, хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, хүрсэн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл танилцуулж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр өнгөрсөн хичээлийн жилүүдэд “Гэр бүл судлал” магистрын хөтөлбөрт хамрагдсан хүүхэд, гэр бүлийн салбарын нийт 98 албан хаагчид сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлт үзүүлж, нийт 61 сая төгрөгийн дэмжлэг олгосон талаар танилцууллаа.
Монгол Улсад гэр бүл судлалын чиглэлээр дагнан мэргэжилтэн бэлтгэж буй цорын ганц сургууль болох Олон улсын Улаанбаатарын их сургуулийн энэхүү хамтын ажиллагаа нь хүүхэд, гэр бүлийн салбарт мэргэшсэн хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтын ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай хандаж буй Олон улсын Улаанбаатарын их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, хамт олонд талархал илэрхийлье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671731
0 эможи

keyboard_arrow_up