Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ

1991 онд иргэний нийгмийн санаачилгаар эхэлсэн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд Монгол Улс 1997 оноос нэгдэж, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жил Монгол Улс “ХААНА Ч АЮУЛГҮЙ: Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” уриа дор зохион байгуулж байгаа бөгөөд шударга ёсыг хангах, хохирогчийг хамгаалах, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэх гэсэн гурван үндсэн асуудалд төвлөрч, бодит болон цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийг цогцоор нь авч үзэж, 15–24 насны залуучуудыг гол зорилтот бүлгээ болгон тодорхойлсноороо онцлог юм.
“Хаана ч аюулгүй” уриа нь хүн бүр гэр орондоо, ажлын байрандаа, олон нийтийн болон цахим орчинд айдас, дарамт, хүчирхийллээс ангид байхад чиглэж байгаа болно.



