Б.Баатархүү: Сураггүй алга болсон 36 настай эмэгтэйн явсан маршрутыг тогтоосон

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга Б.Баатархүү "Энэ оны аравдугаар сарын 29-ний өдрийн 18:00–19:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гараад гэртээ ирээгүй байна гэсэн дуудлага, мэдээллийг ар гэрийнхэн нь аравдугаар сарын 30-ны өдрийн 15:40 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Мэдээллийг хүлээн авсан даруйд цагдаагийн байгууллага уг иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна.
Хяналтын камерын бичлэгээр тухайн иргэн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гараад нийт 2.6 километр газар явганаар явсныг тогтоосон. Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 19 мянган камер ажилладаг.
Иргэний явсан маршрут зам дагуух 26, 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2000 орчим камераас ач холбогдол бүхий 269 камерын бичлэгт үзлэг шалгалт хийж, хамгийн сүүлд явсан чиглэлийг тогтоосон.
Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааны хүрээнд 269 камерын бичлэгийг шалгаж, дрон болон эрэлч нохой ашиглан хайж байна." гэв.

