Э.Товуудорж: Цагдаа нар хураагдсан хар тамхийг устгалгүй худалдан борлуулах ямар ч боломжгүй

2026 оны 11 сарын 05

Arslan.mn

ЦЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохин байгуулж, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх гэмт хэрэг шийдвэрлэлтийн талаараа мэдээллээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж: Энэ оныэхний есөн сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 430 гэмт хэрэг илрүүлж, 463 хүнийг холбогдогчоор татсан.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 2.1 дахин, холбогдогчдын тоо 1.8 дахин өссөн үзүүлэлт юм.

Мөн хууль бус зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн 15 төрлийн, нийт 123,550 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон.

Түүнчлэн гадаадаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан 22 этгээдийг тогтоон, хоёр иргэнийг Монгол Улсад шилжүүлэн авчирсан байна. 

Энд нэмж дурдахад Монгол Улсын 43 иргэн гадаад улсад ял шийтгэл эдэлж байна. БНХАУ 29, БНСУ-д найм, ОХУ-д нэг, ХБНГУ-д хоёр, Вьетнам улсад нэг, Япон улсад нэг, Турк улсад нэг хүн ял эдэлж байгаа.

Цахим орчинд тархсан “цагдаа нар хураагдсан хар тамхиа устгалгүйгээр буцаан худалдан борлуулдаг” гэх мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй болно. Манай албаны алба хаагчид холбогдон шалгагдсан асуудал нэг ч байхгүй. Хураан авсан бодисыг ашиглах боломжгүй.

Эд мөрийн баримтаар хураан авсан бодисыг мөрдөн шалгах ажиллагааны турш тасралтгүй камерын хяналт дор хадгалдаг бөгөөд шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, устгуулдаг.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар гэсэн таван байгууллага хамтран хяналт тавьж оролцдог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671408
1 эможи

Зочин
2026-11-05 19:57
Орон сууцны хүмүүсийн царайтай төстэй гэр хорооллынхон тухайн орон сууцны хүмүүсийн гэрүүдийн ойр хавьд эргэлдээд байна
keyboard_arrow_up