Сэлбэ хотын 113 блок орон сууцнаас 15-ынх нь бүтээн байгуулалт огт эхлээгүй

2026 оны 11 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, “Сэлбэ ухаалаг хот” төслийн орон сууц, авто зогсоолын борлуулалтыг эхлүүлэх эрх олгох саналыг ирэх долоо хоногт болох НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх эсэх тухай байр сууриа нэгтгэв.

Сэлбэ хотын 113 блок бүхий 8,575 айлын орон сууц барих ажлыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 113 блокоос 15-ынх нь бүтээн байгуулалт огт эхлээгүй байгаа гэнэ.

Энэ тухай “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар "Өнөөдрийн байдлаар 113 блок орон сууцнаас гурвын 1 багц буюу 11 блокийн барилгын ажил огт эхлээгүй байгаа. Энэ нь тендерт шалгарсан компанийн гэрээг цуцлах шүүхийн шийдвэр гарсантай холбоотой. Мөн газар чөлөөлөлтийн улмаас хоёр багцын хоёр, хоёр буюу 4 блок, нийт 15 блокийн барилгын ажил эхэлж амжаагүй.

Цаашид Сэлбэ хот төслийг бүрэн гүйцэд санхүүжүүлэхэд 700 орчим тэрбум төгрөг шаардагдаж байгаа учраас орон сууцны борлуулалтыг яаралтай эхлүүлж, хөрөнгө оруулалтын мөнгөө олох зорилготой байгаа.

Олон нийтийн бүс буюу төв зам дагуу худалдаа, үйлчилгээ явуулах барилгууд барих 4 га гаруй газар чөлөөлөгдөөгүй. Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, газар эзэмшигчидтэй нэгбүрчлэн хэлэлцээ хийж байна.

Орон сууцны борлуулалт эхлэхтэй холбоотойгоор "Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхийг олгох, Гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай хуульд бүх орон сууцны хөрөнгийг санд төвлөрөхөөр заасан байдаг. Үүнийг өөрчилж, хөрөнгийн тодорхой хэсгийг санд шилжүүлэх тухай дүрэмд оруулах саналтай байна" хэмээн танилцуулав.

Эдгээр саналыг ирэх долоо хоногт болох НИТХ-аар хэлэлцэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671402
0 эможи

keyboard_arrow_up