Ц.ТӨРХҮҮ: Нийслэлийн хамгийн том усан хангамжийн шинэ эх үүсвэр “Баруун эх үүсвэр“ төв сүлжээнд албан ёсоор холбогдлоо

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Улаанбаатарчууд бидний хувьд ундны усны ирээдүйн маш том, баяртай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Нийслэл хотын маань түүхэн дэх хамгийн том усан хангамжийн шинэ эх үүсвэр Баруун эх үүсвэр төв сүлжээндээ албан ёсоор холбогдлоо!
Бид ирээдүйд усаар дутахгүй, амгалан амьдрах том баталгаа боллоо. Бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст баярлалаа.
Манай хотынхон хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг бол Баруун эх үүсвэр нь дангаараа хоногт 130–144 мянган шоо метр ус нийлүүлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, хотын усны хэрэглээний бараг 70%-ийг хангахуйц аварга бүтээн байгуулалт юм.
Өнөөдөр өглөөнөөс эхлээд эхний ээлжийн 14 мянган шоо метр усыг 9 км урттай гол шугамаар төвийн сүлжээнд нийлүүлж эхэллээ.
АНУ-ын Мянганы Сорилтын корпорацын 2 дахь компакт гэрээний хүрээнд дэвшилтэт технологиор баригдсан энэхүү төсөл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн том усан хангамжийн эх үүсвэр болж байгаа." хэмээлээ.






