«Дусалхүү» цэцэрлэг 2026–2027 оны хичээлийн жилийн тохижилтын ажлаа бүрэн дуусгалаа

«Дусалхүү» цэцэрлэг 2026–2027 оны хичээлийн жилийн тохижилтын ажлаа бүрэн дуусгалаа
Ус сувгийн удирдах газар (УСУГ) нь 1900 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтантай бөгөөд ажилчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор цогц бодлогыг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг илрэл нь ажилтан, албан хаагчдынхаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор «Дусалхүү» цэцэрлэгийг нээн ажиллуулж буй явдал юм.
2026–2027 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах, хүүхдүүдийн сурч боловсрох, танин мэдэхүйн цар хүрээг тэлэх зорилгоор сургалтын материаллаг бааз, орчны тохижилт болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Тодруулбал, бага, дунд бүлгийн урсгал засварын ажлыг хичээлийн жил эхлэхээс өмнө буюу 8-р сард бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн бол энэ удаад хүүхдүүдийн сурах орчны тохижилт, аюулгүй байдлыг хангах хяналтын камерын ухаалаг системийг иж бүрнээр нь суурилуулж хүлээлгэн өглөө.
Дашрамд дурдахад, «Дусалхүү» цэцэрлэг нь 2019 онд Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүгийн санаачилгаар байгуулагдаж, «Ус-Чандмань эрдэнэ», «Дусалхүү» комик номыг сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж байсан юм.
