УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэн Турк Улсын Хууль зүйн Академитай хамтран ажиллана

Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн үйл ажиллагаатай танилцлаа.
Танилцах ажиллагааны үеэр Турк Улсын Хууль зүйн академийн ерөнхийлөгч Метин Илдиримтэй уулзаж, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн болон Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн Академи хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичиг нь хоёр улсын прокурорын байгууллагын прокурор, прокурорын туслах ажилтнуудын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох чиглэлээр олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх юм.
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл Турк Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүгч, прокурорын зөвлөл, Анкара хотын баруун хэсгийн шүүх зэрэг байгууллагуудад зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.










