Хотхоны бага сургуулиар түрээсэлсэн хоёр байрны төлбөрийг өгөөгүйгээс халаалтыг хааж, хүүхдүүдээ гаргах шаардлага тавьжээ

Энэ хичээлийн жилээс хотхоны бага сургуулиуд ажиллаж эхэлсэн.
Гэвч түрээсийн байрнуудынхаа түрээсийг хоцроосны улмаас сурагчдын эрх ашиг зөрчигдсөн тохиолдол гарсныг өчигдөр болсон "Боловсролын салбарын төсөв" хэлэлцүүлгийн үеэр дурдагдлаа.

Тодруулбал хэлэлцүүлгийн Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн захирал Ч.Ундармаа "Манай сургууль нь Зайсанд байрлалтай төрийн өмчийн ганц сургууль. Хамран сургах тойргийнхоо хүрээнд Хан-Уул дүүргийн 17, 22, 11 дүгээр хорооны хүүхдүүдийг сургадаг. Өнөөдрийн байдлаар манай сургуулийн 90 бүлэгт 4,000 гаруй хүүхэд суралцаж байна. Анги дүүргэлт 45-аас дээш.
Бага ангийн 2,000 гаруй сурагчтай. Энэ хичээлийн жилээс хотхоны бага сургуулийн зохион байгуулалтаар хоёр шинэ байр түрээсэлсэн. Түрээсийн байранд 1-3 дугаар ангийн 900 гаруй сурагч хичээллэж байгаа. Гэтэл ес болон аравдугаар сарын түрээсийн мөнгийг өгөөгүйн улмаас түрээслүүлэгч халаалтаа хааж, хүүхдүүдээ гаргах шаардлага тавьсан.
Халаалтгүйн улмаас хүүхдүүд маш их даарсан. Өчигдөр уулзаад халаалтаа өгөөч, төр мөнгөө өгөх байх гэж байж халаалтаа нээлгэлээ. Хэрэв хоёр байрны түрээсийн төлбөрийг өгөхгүй бол манай сургууль гурван ээлжид хичээллэх эрсдэлтэй. Иймд Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүдээс чухалчлан хүсэхэд түрээслүүлэгч нарт мөнгийг нь цаг тухайд нь өгөхгүй бол хэцүү асуудал бидэнд үүсэж байгаа" гэсэн юм.
Боловсролын Яамнаас энэ асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
