Бүлэглэн машины эд зүйлс хулгай хийдэг 17 настай этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр “Зогсоол дээр байсан машины дөрвөн дугуй хулгайлсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн баривчилжээ.
Шалгалтын ажиллагаагаар гэмт хэргийг 17 настай Ө.Т, М.Т нар бүлэглэн 10 дугаар сарын 12-ний өдрийн 04 цагийн орчимд тухайн тээврийн хэрэгслийн обуд, дугуйг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ.
Тухайн этгээдүүдийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд Тоёота Кроун загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, 2 ширхэг спойлер зэрэг эд зүйлс гарч ирснийг үзлэгийн тэмдэглэлд тусган, түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Дээрх этгээдүүд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 4 тээврийн хэрэгслийн 16 ширхэг дугуй, спойлер, хормой зэрэг эд зүйл хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.







