Бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв” үүдээ нээлээ

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, хууль бус шаардлага, шийдвэрээс үүдэлтэй хүнд суртлыг бууруулан, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээний хүрээнд ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” сэдвийн хүрээнд энэ 7 хоногийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээг бид Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран зохион байгуулж байна. Учир нь “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв” төр нь бизнес эрхлэгчид дарамт үзүүлэх бус зөвлөн тусладаг байхад чиглэсэн олон арга хэмжээний хамгийн эхний арга хэмжээ болж буйгаараа онцлог юм.

Мөн өнөөдөр “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг албан ёсоор нээж байгаа бөгөөд цаашид Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны А/155 тоот дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу зөвшөөрөл, мэдэгдэл хариуцсан яамд хувиарын дагуу төв дээр ажиллаж бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах юм.
“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зөвшөөрлийн тоо, нөхцөл, шаардлагыг бууруулж, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тулгарч буй хууль, эрх зүйн болон захиргааны саадыг арилгахад чиглэсэн шийдвэрүүд гарч байна. Үүний зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжид хуульд заагаагүй шаардлага тавих, хууль тогтоомжид нийцээгүй тушаал, шийдвэр гаргах замаар хүнд суртал үүсгэж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулахгүй байх зарчмыг баримтлан ажиллах, төрийн байгууллагын бүх шатанд хүнд суртлыг бууруулах арга хэмжээ авах шаардлагыг тавьж байна.
Энэ хүрээнд хувийн эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг цогцоор нь авч үзэж, шийдвэрлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд үүрэг болгосон.

Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хяналт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, төрийн албан хаагчдын хариуцлага, зөвшөөрлийн цахим системийн боломж, цаашдын шинэчлэлийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонсож, үйл ажиллагаанд нь тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлон, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх боломж, гарц шийдлийг эрэлхийлнэ. Үүний зэрэгцээ төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
Зөвшөөрлийн шинэчлэлийн үр дүн нь зөвхөн хууль, журмын өөрчлөлтөөр хэмжигдэхгүй. Харин иргэн, аж ахуйн нэгжид тавих үндэслэлгүй шаардлага арилж, төрийн үйлчилгээ хялбаршин, албан тушаалтны хариуцлага сайжирч, бизнес эрхлэхэд учирч буй саад бэрхшээл бодитоор буурах явдал юм.
Тус 7 хоногийн арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцооны шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бизнес эрхлэгчдэд ээлтэй, ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.










