Төв аймгийн Баяндэлгэр суманд баавгай айлын гэрт орж, эд зүйлсийг сүйтгэжээ

2026 оны 10 сарын 07

Arslan.mn

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн Дархан ноёны өвөлжөөнд аравдугаар сарын 5-ны шөнө 23:30 цагийн орчимд баавгай айлын хотонд орж ирсэн байна.

Тухайн айлын эзэд Багануур дүүргийн Онцгой байдлын алба болон Баяндэлгэр сумын Байгаль орчны улсын байцаагчдад дуудлага мэдээлэл өгчээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиж, баавгайг үргээх зорилгоор агаарт 20 гаруй удаа буудсан байна. Мөн дроноор ойр орчмыг шалгахад баавгай харагдаагүй тул тухайн газраас явсан байна.

Онцгой байдлын алба хаагчид явснаас хойш баавгай дахин ирсэн тул айлынхан аюулгүй байдлаа ханган тухайн газраас түр холджээ.

Аравдугаар сарын 6-ны өглөө гэртээ буцаж ирэхэд гэрийн гадна байсан савтай аарц, өмнө нь гаргаж тавьсан үхрийн шийр, арьс зэргийг баавгай авч явсан байжээ. Улмаар тухайн айлынхан гэрийн зарим эд зүйлсээ авч, аюулгүй байдлын үүднээс Багануур дүүрэгт очиж хоносон байна.

Arslan.mn

Харин 10 дугаар сарын 7-ны өглөө буцаж ирэхэд баавгай дахин тухайн айлын гэрт орж, гэрийн доторх эд зүйлсийг сүйтгэсэн байжээ.

Иргэдийн зүгээс баавгайг буудах зөвшөөрөлгүй учраас одоогоор үргээхээс өөр арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Баавгай нэг удаа үргэсний дараа дахин дахин тухайн айлын өвөлжөөнд ирж, улмаар гэрт нь орж эд зүйлсийг сүйтгэж байгаа нь нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэйг харуулж байна.

Холбогдох байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ авахыг хүлээсээр байтал баавгай хүнрүү дайрах, цаашлаад хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иймээс иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэж, баавгайг барих, шилжүүлэх зэрэг аюулгүй арга хэмжээ авах шаардлагатай байна.
Орон нутагт өвөлжиж буй айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, баавгай дахин тухайн бүс нутагт орж ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас хүсэж байгаа аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670982
1 эможи

keyboard_arrow_up