Гэр лүүгээ харьж явсан 34 настай эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ

Бусдыг айлган сүрдүүлж, дээрэмдэж зугтсан этгээдийг саатуулан шалгаж байна. “Манай эхнэр гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл энэ оны аравдугаар сарын 1-ний 20:11 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, 34 настай эмэгтэй А-г гэр лүүгээ харьж явахад нь 35 орчим насны эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ айлган сүрдүүлж, улмаар боож унагаан гар утсыг нь дээрэмдээд зугтсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтэй этгээд М-г олж тогтоон саатуулжээ. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 457 бүртгэгдсэн байна.
