Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтлаа

2026 оны 9 сарын 28

Arslan.mn

Узбекистаны Самарканд хотноо болсон Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад Монголын шатарчид шуугиан тарьж, түүхэн амжилт бүтээлээ.

189 орны шилдгийн шилдэг шатарчдаас бүрдсэн багууд өрсөлдсөн энэ олимпиадад Монгол Улсын шатрын үндэсний эмэгтэй шигшээ баг 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарснаар Монголын шатрын түүхэн дээд амжилтыг шинэчиллээ.

Манай эмэгтэй шигшээ баг өмнө нь 1990 оны Нови Садын олимпиадад 12 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин энэ удаа дэлхийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж, анх удаа дэлхийн шилдэг 10 багийн нэг боллоо.

Манай охид АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай 3-7 дугаар байрыг ижил оноогоор хуваан эзэлж, зөвхөн коэффициентийн зөрүүгээр 7 дугаар байрт бичигдлээ. Энэ бол Монголын шатар дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх бүрэн боломжтойг харуулсан түүхэн үр дүн юм.

Х.Баясгалан дөнгөж 19-хөн насандаа нэг ч өнжилгүй 11 өрөг тоглож, 8 оноо авч, III ширээний хувийн үзүүлэлтээр дэлхийд 4 дүгээрт жагслаа.

Эрэгтэй шигшээ баг маань ч нийт дүнгээр дэлхийд 26 дугаар байрт шалгарч, “В” ангилалд мөнгөн медаль хүртэн, бас нэгэн түүхэн амжилтыг бүтээлээ. 

Эх орноо төлөөлөн дэлхийн шилдэг багуудтай өрсөлдсөн Монголын охид, хөвгүүдээрээ үнэхээр бахархаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн шатарчдын их олимпиадад Монголын баг ийнхүү түүхэн шинэ босго тогтоолоо.

Хөвгүүд маань тэмцээний турш уналт, босолттой олон хүнд өргийн ард гарч, монгол хүний эр зориг, сахилга бат, тэсвэр хатуужлыг харууллаа. Өнөөдөр тэднийг Монголын далбаатайгаа шагналын тавцанд зогсож байхыг харах нь жинхэнэ монгол омогшлыг төрүүлж байна.

Энэ олимпиадыг өөрийн биеэр өдөр бүр үзэж, тамирчдаа дэргэдээс нь дэмжихдээ нэг зүйлийг маш тодорхой ойлголоо.

Дэлхийн шатрын тэргүүлэх орнууд өндөр түвшний дасгалжуулалт, спортын шинжлэх ухаан, академи, санхүүжилтэд тулгуурласан олон жилийн тогтолцоотой. Харин бидэнд энэ хэмжээний нөөц боломж хараахан бүрдээгүй ч Монголын шинэ үеийн залуус ур чадвар, сахилга бат, сэтгэлийн хүч, төрмөл авьяас, оюуны потенциалаараа хэнээс ч дутахгүй гэдгийг энэ олимпиад дэлхийд харууллаа.

Бид одоо энэхүү түүхэн амжилтыг улам хөглөж, дэлхийн шатрын оргилд Монголын төрийн дуулал эгшиглэх мөч хүртэлх их амжилтын суурь болгох ёстой. Иймээс шатрыг боловсролын хөтөлбөрт энэ жилээс багтааж чадсаны ач холбогдол нь Монголын шинэ үеийн “цэгц сэтгэгч” залгамж халааг бэлтгэхэд оршиж байна. Монгол хүний саруул ухааныг дэлхийд үнэлүүлэхийн төлөө Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчийн хувиар цаашид улам их хичээж ажиллах болно.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Хагас сарын турш монголчууд биднийг догдлуулж, омогших мэдрэмжийг ахин дахин төрүүлсэн оюунлаг шатарчдадаа чин сэтгэлийн баяр хүргэе! Та бүхний энэ амжилт бол өнөөдрийг хүртэл шантралгүй зүтгэсэн гэр бүл, багш дасгалжуулагчид, ивээн тэтгэгчид, дэмжигчид гээд ойр дотны хэн бүхний насан туршийн хөдөлмөр шингэсэн цаг хугацааны шагнал юм.

Оюун ухаанаараа дэлхийд цойлохын төлөө Монгол нүүдэл улам цэгцэрч, үргэлжлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670842
0 эможи

keyboard_arrow_up