Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 4 бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлэн таслан зогсоосноос, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн иргэн байна.
Тодруулбал, иргэн Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2.83 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдсон аж.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2,700 нэгжээс 14,000 нэгж буюу 2.7-14 сая төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах болон зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
