Н.Магсаржав: Монгол орны нутаг нутгийн хуурын уламжлалыг бүртгэн баримтжуулах шаардлагатай

2026 оны 9 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг дээдэлж, дэлгэрүүлэх тухай” 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор Соёл урлагийн их сургуулиас “Монголчуудын хуур хөгжмийн зэмсгийн судалгааны сан бүрдүүлэлт” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулиас “Хялгасан хуурын уламжлал, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.09.18/ Монгол Улсын Үндэсний номын санд зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд Соёл урлагийн их сургууль, Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монгол Улсын Консерватор, Монголын театрын музей, Соёлын өвийн Үндэсний төв, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хан мюзик ХХК, Жонон хар Монголын морин хуурын музей, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаач, уран бүтээлчид оролцож байна.

Профессор Л.Эрдэнэчимэг: Морин хуурыг татлагагүйгээр төсөөлөхийн аргагүй

Arslan.mn

Профессор Л.Эрдэнэчимэг " Дэлхий дахинд хялгасыг хялгасаар сөргөн татаж дуу авиа гаргадаг хөгжмийн зэмсэг бол морин хуур. Морин хуур нь түүхэн хөгжлийнхөө явцад экил, цоор зэрэг олон янзаар нэрлэгдэж ирсэн бөгөөд “Монголын нууц товчоо” болон бусад ном сударт “хугур” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Өнөөдрийн хурлаар хуурын татлага хэдэн төрөл байдаг вэ гэсэн асуултад хариу өгөх татлагын төрөл зүйлийн талаар хэлэлцэж байна. Татлага бол хуур хөгжмийг ард түмний дунд дэлгэрүүлэн хөгжүүлсэн зохиол бүтээл юм. Татлагагүйгээр хуур хөгжмийг төсөөлөхийн аргагүй. Өөрөөр хэлбэл, татлага бол морин хуурт зориулсан өөрийн гэсэн хөгжмийн бүтээл” хэмээн онцоллоо.

Н.Магсаржав: Монгол орны нутаг нутгийн хуурын уламжлалыг бүртгэн баримтжуулах шаардлагатай

Arslan.mn

СУИС-ийн харьяа Соёл судлалын хүрээлэнгийн Морин хуур судлалын төвийн эрхлэгч Н.Магсаржав "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд СУИС-ийн харьяа Соёл судлалын хүрээлэнгийн дэргэд Морин хуур судлалын төв 2026 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Тус төвөөс нутаг нутгийн онцлогийг харуулсан хуурын хийц, бүтээл, уламжлал, хөг дуурьсал, татлага, аялгуу болон уламжлал, шинэчлэлийн асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд салбар салбарын хуурчид, судлаачид, уран бүтээлчид оролцож байгаа.

Монгол Улсад байгаа нутаг нутгийн хялгасан утастай хуур хөгжмийг бүртгэн баримтжуулж, судлах шаардлагатай.

Учир нь эдгээр хөгжмийн зэмсэг бүгд морин хууртай адилгүй. Даралтын хувьд, нум татах арга, цохилго зэрэг нь өөр өөр байдаг. Тиймээс энэ удаагийн хуралд өргөн хүрээнд эрдэмтэн, судлаачид цуглаж байгаагаараа онцлогтой.

Мөн нутаг нутгийн онцлогийг харуулсан, хэдэн зууны турш өвлөн уламжлагдсан хөгжмийн зэмсэг, уламжлалыг эхний ээлжид бүртгэн баримтжуулж, Морин хуур судлалын төвд судалгааны сан бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

Энэ хүрээнд нийслэл болон орон нутгийн төрийн өмчит музейнүүдэд албан бичгээр хандсан бөгөөд одоогийн байдлаар 97 музейд хуурын төрөл зүйлтэй холбоотой эд өлгийн зүйл хадгалагдаж байгаа.

Цаашид Соёл судлалын хүрээлэн дээр морин хууртай холбоотой бүхий л дата, мэдээллийг төрөлжүүлэн ангилж, олон улсын түвшний эрдэм шинжилгээний хурал тогтмол зохион байгуулдаг тогтолцоонд шилжих зорилготой байгаа.

Түүнчлэн морин хуур судлалын чиглэлээр бие даасан эрдэм шинжилгээний сэтгүүлтэй болох шаардлагатай" гэж онцолсон юм.

Б.Сүхбаатар: Морин хуураас гадна олон төрлийн хуурын уламжлал бидэнд бий

Arslan.mn

"Жонон хар" музейн захирал Б.Сүхбаатар “Бид морин хуур гэдэг ойлголтыг давамгайлж яваад байх юм бол бусад уламжлал маань алдагдах эрсдэлтэй. Тиймээс цаг үеэ олсон эрдэм шинжилгээний хурал болж байгаад баяртай байна.

Музейд хадгалагддаг хялгасан экил хөгжим, боржигон хуур, төмөр цартай хуур зэрэг хөгжмийн зэмсгийг дэлгэн үзүүлсэн үзэсгэлэн гаргасан. 

Эрт үед өнөөдөр бидний мэддэг морин хуур л байсангүй. Хэлбэр хэмжээ, дуугаралт, өнгө үзэмжийн хувьд олон янзын хуур хөгжмийн зэмсэг хэрэглэгдэж байсан бөгөөд эдгээр нь урлаач, хөгжимчдийн хэрэгцээ шаардлага болон урлаачдын ур чадварын хөгжлийн явцад хувьсан өөрчлөгдсөөр өнөөгийн морин хуурын хэлбэрт хүрсэн.

Өмнө нь хуур хөгжмийн цар ширэн байсан бол хожим модон цар хэрэглэдэг болсон. Харин энэ хоёрын дунд төмөр цартай хуур хөгжиж байсан бөгөөд төмөр царыг дуугаралтыг тэнцвэртэй байлгах зарчмыг эрэлхийлэн судалсны үндсэн дээр хийж байсан" гэв.

Эрдэм шинжилгээний хуралд хуур урлаач, өвлөн уламжлагч, салбарын мэргэжилтнүүд оролцож, хялгасан хуурын төрөл зүйл, язгуур шинж, уламжлалт нэршил, хийц бүтээц, хуурын өвийг хадгалан хамгаалах, дэлгэрүүлэх арга зам, сургалт, судалгаа болон судлаач, өвлөн уламжлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо илэрхийлэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670721
0 эможи

keyboard_arrow_up