ТОДРУУЛГА: Д.Тогтохсүрэнгийн хахууль авсан хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болоогүй. АТГ-аас шалгаж байна

“ХАХУУЛЬ“ авсан хэрэгт шалгагдаж буй өдгөө “Эрдэнэс критикал минералс” буюу “Монголросцветмет”-ийн ТӨҮГ-ын захирал асан Д.Тогтохсүрэнгийн хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгосон талаар мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ талаар УЕПГ-ын ОНХХ-ээс тодруулахад, "Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Д.Тогтохсүрэнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна." гэв.
Хэргийн тодруулбал, яллагдагч Д.Тогтохсүрэн нь 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэрээр
- Сүхбаатар дүүргийн I хороон дахь 84.49 мкв орон сууцыг 820,0 сая төгрөгөөр худалдан борлуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн,
- Хан-Уул дүүргийн XI хороон дахь 400 мкв байрыг хөнгөлөлттэй үнээр авч бусдаас их хэмжээний хахууль авсан, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажиллах үедээ хууль бус үүрэг чиглэл өгч 6,600 тонн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Нh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон,
- “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250,000,000 төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1,8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ 2 шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.





