А.Намсаманд: С.Амарсайхан сайдын жолоочийн эхнэр, дүүг нь дарга болго гэдэг үүрэг өгсний дагуу дарга болгосон. Одоо хүссэн томилгоог нь хийхгүй бол сүрдүүлэх боллоо

Өнөөдөр буюу 09 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ.
ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд мэдээлэл хийхдээ “ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан харьяа агентлагийн дотоод томилгоо руу орж, албан тушаалын шаардлага нийцээгүй хүмүүсийг ажилд томилох гэж шахсаар байна. ХЗДХ-ийн сайдын томилсон ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Мөнхдөл нь энэ хууль бус ажиллагааг гардан гүйцэтгэж байна. Бид бодлогын яамаа хүндэтгэж шийдвэрийг дагасаар ирсэн. Гэтэл ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өөрийн жолоочийн эхнэрийг ШШГЕГ-ын Түр хурахын дарга болго гэсэн хууль бус шаардлагыг тулгасан. Бид тулгалтын дагуу дарга болгосон. Шаардлагыг биелүүлэхгүй бол ажлаас чөлөөлнө хэмээн алба хаагч нарт дарамт үзүүлж байна. Мөн ХЗДХ-ийн сайд өөрийн жолоочийнхоо төрсөн дүүг Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болго гэснийх нь дагуу болгосон. ХЗДХЯ-ны хяналт шалгалтын газрын дарга н.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг дарга болго гэсэн болгосон. Гэтэл одоо улам шахсаар байгаа. Зарим хууль зөрчсөн томилгоог нь хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр шахдаг дарамтладаг болсон. Би хэн нэг сайдын хууль бус үүргийг биелүүлэх гэж төрд тангараг өргөөгүй! ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй долларын төлбөртэй байж л байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль номынхоо дагуу явуул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Гэтэл хэлэх хэлэхгүй үгээр хэлж байгаа юм. Чам мууг байранд чинь тавина" гэдэг. Бүх шийдвэрээ бичгээр биш амаар өгдөг." гэлээ.
ХЗДХЯ-аас харьяа агентлагууддаа улс төрийн хууль бус томилгоог тулгаж, ажлаас нь чөлөөлнө хэмээн сүрдүүлж, энгийн алба хаагчдыг хүссэнээрээ хөдөлгөдөг байдлыг эсэргүүцэж ийнхүү шүгэл үлээж эхэллээ.

