Мөрдөн шалгах албаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан “Цэргийн гавьяаны улаан тугийн одон“-гоор шагналаа

"Мөрдөгч"-ийн тэмдэглэлт өдрийн 100, Цагдаагийн ерөнхий газрын "Мөрдөн шалгах алба"-ны түүхт 80 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо.
Хүндэтгэлийн хурлын үеэр Мөрдөн Шалгах албыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнасныг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр гардуулж өглөө.
ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр: Орчин цагийн цагдаагийн байгууллагын нэгэн тулгуур багана, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх үйлсийн цөм болсон Мөрдөн шалгах албаны алба хаагчдын оюун ухаан, ур чадвар, тэсвэр хатуужилд Монголын төр, ард түмэн үргэлж талархдаг билээ
Арга хэмжээг нээж, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр хэлсэн үгэндээ "Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан шалгах, хэргийн бодит байдлыг тогтоон гэм буруутай этгээдийг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Мөрдөн шалгах алба байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Мөрдөн шалгах албаны харьяа нэгжүүд 2024 онд 36,816 хэргийг шийдвэрлэж 697 тэрбум төгрөгийн, 2025 онд 43,994 хэрэг шийдвэрлэж 306 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, ард иргэдийн өмч хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалжээ.
Мөрдөн шалгах алба нь мөрдөн шалгах байгууллагын бүхий л үйл ажиллагааг шинжлэх ухаанд тулгуурлан хууль ёсыг хэлбэрэлтгүй биелүүлж, тэргүүн туршлагыг судлан нэвтрүүлэх замаар мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүнг сайжруулан, хүний эрхийн болон мэргэжлийн алдаа зөрчилгүй ажилласаар ирснийг цохон тэмдэглэхэд таатай байна.
Мөрдөн шалгах ажлын талбар бол оюун ухаан, тэсвэр хатуужил, хуулийн мэдлэг, шударга ёсны шалгуур байдаг.
Мөрдөн шалгах албаны алба хаагч Та бүхэн бол хэргийн үнэн мөнийг тогтоох, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, хэлмэгдсэн иргэний эрхийг сэргээхийн төлөө цаг наргүй зүтгэж ирсэн гавьяатнууд юм.Цаашид ахмад үеийнхээ хуримтлуулсан үнэт туршлага, уламжлалыг шинэ мэдлэг, технологийн дэвшилтэй хослуулж, мэргэшсэн, технологид суурилсан, хүний эрхийг дээдэлсэн орчин үеийн мөрдөн шалгах байгууллага болон хөгжиж, хууль сахиулах салбарын шинэчлэлд манлайлан ажиллана гэдэгт итгэл төгс байна. Орчин цагийн цагдаагийн байгууллагын нэгэн тулгуур багана, гэмт хэрэгтэй тэмцэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх үйлсийн цөм болсон Мөрдөн шалгах албаны алба хаагчдын оюун ухаан, ур чадвар, тэсвэр хатуужилд Монголын төр, ард түмэн үргэлж талархдаг билээ.
Цэргийн Гавьяаны улаан тугийн одонт Мөрдөн шалгах албаны үе үеийн удирдлага, алба хаагч, ахмад ажилтан Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, халуун баяр хүргэе" хэмээн онцлов.

Ж.Болд: Мөрдөн шалгах албаны 80 жилийн түүхэнд “Монгол Улсын Гавьяат хуульч” цолыг нийт 17 алба хаагч, ахмад ажилтан хүртсэн нь бахархам амжилт
ЦЕГ-ын дарга, Дотоод цэргийн командлагч Ж.Болд хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөрдөн шалгах албыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан нь тус албаны удирдлага, ахмадууд, алба хаагчдын шударга ёсыг тогтоохын төлөө цаг наргүй зүтгэсэн хөдөлмөр, хичээл зүтгэл, гавьяа бүтээлийг Монголын төр өндрөөр үнэлсэн хүндэтгэл юм.
Мөрдөн шалгах албаны алба хаагчид хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн ур чадвараараа төрдөө өндрөөр үнэлэгдэж ирсэн бөгөөд 80 жилийн түүхэнд “Монгол Улсын Гавьяат хуульч” цолыг нийт 17 алба хаагч, ахмад ажилтан хүртсэн нь бахархам амжилт билээ.
Өнөөдөр гэмт хэргийн шинж, арга хэлбэр, түүнийг үйлдэх орчин урьд өмнөхөөс илүү хурдацтай хувьсан өөрчлөгдөн, нарийн зохион байгуулалттай болж, цахим орчин, мэдээллийн технологи, санхүүгийн шинэ хэрэгсэл, хил дамнасан сүлжээ, харилцааг өргөнөөр ашиглахын зэрэгцээ цахим нотлох баримтын төрөл, хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд шинэ сорилт, шаардлагыг бий болгож байна.
Орчин цагийн мөрдөгч зөвхөн хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй байхаас гадна криминалистик, мэдээллийн технологи, цахим нотлох баримт, санхүү, эдийн засаг, гадаад хэл, сэтгэл зүй зэрэг олон салбарын мэдлэг, арга хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагаанд зөв ашиглах чадвартай байх шаардлагатай.
Үүний тулд хүний нөөцийн мэргэшил, чадавхыг тасралтгүй дээшлүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг үйл ажиллагаанд бодитоор нэвтрүүлэх, цахим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, шинжлэн судлах чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангах нь бидний цаашдын хөгжлийн үндсэн чиглэл байх болно. Миний бие 1996 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажил, амьдралын гараагаа эхэлж, энэхүү нэр төртэй албаны шат шатны албан тушаалд 21 жил, үүнээс мөрдөн байцаагчаар 17 жил ажиллахдаа үе үеийн удирдлага, ахмад ажилтан, хамтран зүтгэгч нараасаа мэргэжлийн мэдлэг, ур чадвар, үнэт туршлага хуримтлуулсан нь өнөөдрийн хариуцлагатай албыг хашихад минь чухал хувь нэмэр болсныг онцлон тэмдэглэж, Та бүхэндээ талархаж явдгаа илэрхийлье. Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадарч, мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай!" гэв.



















