АУДИТ: Б.Батцэцэг ЗГХХГ-ын даргаар ажиллах үедээ “онц чухал“ даалгавар гүйцэтгэсэн гэж ₮110 саяын урамшуулал олгох зэргээр 2,5 тэрбумын зөрчил гаргажээ

Үндэсний аудитын газраас 2026 оны 02-р сарын 25-нд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "Хязгаарлалттай дүгнэлт" гаргажээ.
Тодруулбал, аудитаар нийт 2,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнд 18,9 сая төгрөгийн 2 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1,2 тэрбум төгрөгийн зөрчилд 10 албан шаардлага, 419 сая төгрөгийн 2 зөрчилд хариуцлага тооцуулах албан шаардлаг хүргүүлж, 896 сая мянган төгрөгийн 6 зөрчилд зөвлөмж хүргүүлжээ.
Нийт илрүүлсэн алдаа, зөрчлөөс залруулагдаагүй 2,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь аудитын тогтоосон материаллаг байдлын түвшнээс 2,4 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.
Тодруулбал, төсөвт тусгаагүй 489 сая төгрөг, үр ашиггүй 197 сая төгрөгийн санхүүжилт олгож төсвийг зохистой удирдаагүйгээс 488 сая төгрөгийн өр төлбөр үүсгэсэн зэрэг олон ЗӨРЧИЛ илэрчээ.
Тухайлбал,
- Төсвийн төсөлд тусгаж, батлуулаагүй нийт 239 сая төгрөг, байгууллагын үйл ажиллагаанд ашиглаагшй 9 судалгааны ажилд нийт 158 сая төгрөгийг ҮР АШИГГҮЙ зарцуулсан
- Байгууллагын ахлах хянан шалгагч болон хянан шалгагчид төсвийн төсөлд тусгаагүй, 40 хүртэлх хувийн нийт 144 сая төгрөгийн нэмэгдэл цалин олгосон
- 2 ажлын хэсэг байгуулагдаж, өөрийн үндсэн чиг үүргийн ажил гүйцэтгэснийг "онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн" гэж үзэн ажлын хэсгийн гишүүдэд нийт 110 сая төгрөгийн урамшуулалыг үр дүнгийн урамшуулалтай давхардуулан олгожээ. Гэвч онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн эсэхийг үнэлсэн шалгуур, үнэлгээний тайлан байхгүй зөрчил,
- Төсвийн төсөлд тусгаж, батлуулаагүй нийт 239 сая төгрөгийн үр ашиггүй, зориулалт бус зарцуулалт санхүүжүүлсэн,
- Байгууллагын үндсэн чиг үүрэгт хамааралгүй ''Улсын аварга малчин…'' шагнал гардуулах дотоод албан томилолтод 5 албан хаагчийг ажиллуулж, 1,900.0 мянган төгрөгийн үр ашиггүй зардал гаргасан байна зэрэг зөрчил илэрчээ.
Аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй, төсвийн төсөлд тусгаж, батлагдаагүй ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, өр төлбөр үүсгэсэн зөрчлийг таслан зогсоож, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Б.Батцэцэг 2025 оноос ажиллаж байгаад 2026 оны 4-р сараас П.Батбаатар томилогдсон ажиллаж буй.


