Хүн худалдаалсан хоёр этгээдэд 4-5 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны наймдугаар сарын 24-28-нд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн талаар мэдээллээ.
Тухайлбал, Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9-11 дүгээр саруудад нэр бүхий хохирогчийг эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар байршуулж, Баянгол дүүргийн … байранд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, орогнуулан, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан);
Мөн 2025 оны 7 -11 дүгээр саруудад олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар нийтэлж, үйлчлүүлэгч олох замаар нэр бүхий иргэнийг биеэ үнэлэхэд нь зуучилж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (биеэ үнэлэлтийг зохион байгуулсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.А, Ц.Л нарыг бусдыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан, мөн бие үнэлэлтийг зохион байгуулсан 2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.А-д нийт 5 жил, Ц.Л-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.
Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нийт 22.4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

