ЦАГ АГААР: Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын төлөвийг гаргасан байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим . Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх хур тунадас, уулаараа нойтон цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим. Хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна..
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим. Хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орож салхи ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.

