Ц.БАТБОЛД: ХСҮТ 87,000 ам.долларын хөрөнгө оруулалтаар дэргэдээ 100 ортой “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ боллоо

Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон Ротари олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа хүүхдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийж, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд, Ротари олон улсын 3450 дугаар дүүргийн захирагч Ж.Лаугаар ахлуулсан төлөөлөгчид, УИХ гишүүн, ротарийн 10 бүсийн захирагч асан Ж.Галбадрах болон ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцож, төслүүдийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Энэ үеэр ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд хэлсэн үгэндээ "Өнөөдөр манай эмнэлэгт онцгой үйл явдал тохиолдож байна. Эмч, эмнэлгийн ажилчдын хамгийн их санаагаа чилээдэг зүйл нь хүүхдүүдийнх нь суралцах орчин байдаг. Нэн ялангуяа бага насны хүүхэдтэй ажилчид хүүхэддээ санаа чилээх нь их. Тэгвэл өнөөдөр ХСҮТ-д Ротари олон улсын байгууллагын 87,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 100 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа. Цэцэрлэг ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдүүдээ авч эхлэхээр бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Хүүхдийн төлөө за гэж хэлж буй бүх хүмүүстээ баярлалаа.

Үүнээс гадна хавдрын тусламж үйлчилгээ зөвхөн оношилгоо, эмчилгээгээр дуусахгүй. Өвчтөн эмчилгээний дараа хэвийн амьдралдаа эргэн орох, тэдний амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд сэргээн засах эмчилгээ чухал. Тиймээс манай эмнэлгийн Сэргээн засах төвийг “Хүрээ” ротари клубийнхэн 70 мянган ам.долларын санхүүжилтээр шинэчиллээ. Энэ нь цогц тусламж үйлчилгээнд нэн ач холбогдолтой төсөл болсон. Уг төслийг Хүрээ Ротари клуб (10-р бүс) БНСУ-ын 3590 дүгээр дүүргийн Geoje Big Dragon, Geoje Rose, Geoje Tiger ротари клубуудтай хамтран хэрэгжүүлсэн. Та бүхэнд талархал илэрхийлье." гэдгийг онцоллоо.

УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дарга О.Эрдэнэбулган:
Ротари олон улсын байгууллага нь эмнэлгийн хажууд цэцэрлэг байгуулах дөрөв дэх төслөө амжилттай хэрэгжүүлж хүлээлгэн өглөө. Хамгийн анх Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захиргааны зориулалтаар ашиглалтад орсон барилгыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэн засварлаж хүлээлгэн өгсөн.
Энэ удаагийн төслийг 87 мянган долларын санхүүжилтээр байгуулан тохижуулж, 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар болсон. Энэхүү төслийг Боловсролын яам албан ёсоор хүлээн авч, үйл ажиллагааны хувьсах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган ажиллахаар болсны дээр мэргэжлийн багш сурган хүмүүжүүлэгчдийг томилон ажиллуулахаар болсон нь төслийн тогтвортой байдлыг хангахад маш үр дүнтэй болоод байна. Энэхүү төслийн үр дүнд, эмнэлгийн хүний нөөцийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эмч, ажилтнууд тогтвортой, сэтгэл тайван ажиллахад чухал ач холбогдолтой. Цаашид ч бусад эмнэлгүүдэд адил төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа ротарийн гишүүд танилцуулж байлаа. Төслийг Солонгосын 3620 дүүрэг, 3830 дүүрэг болон Чёнан Вест ротари клубтэй хамтран хэрэгжүүлсэн байна. Ротари талаас энэхүү төсөлд нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой хувь нэмэр оруулж хамтран санхүүжүүлсэн Айвико ЖВ компанид талархал илэрхийлье.

Монгол, Хонконг, Солонгосын ротаричууд нэг сэтгэлээр хүч нийлүүлэн цуглуулсан хандиваар хэрэгжиж буй энэхүү төсөл нь амжилттай хэрэгжин, олон хүнд бодит тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.










