Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой гэж хөдөлгөөний зохицуулалт хийхгүй бол түгжрэл үүсч ачаалал нэмэгдэх эрсдэлтэй

2026 оны 8 сарын 10

Arslan.mn

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу танилцууллаа.

Тэрбээр "2026-2027 оны хичээлийн шинэ жил COP17 олон улсын арга хэмжээ хоёр давхцаж байгаа учир автозамын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгой гэж ангилж хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Үндсэндээ, тээврийн хэрэгслийг тэгш, сондгой гэж хөдөлгөөний зохицуулалт хийхгүй бол түгжрэл үүсч ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс автозамын хөдөлгөөнийг тэгш, содгой гэж явуулахаар болсон. Нөгөөтэйгүүр, хөдөлгөөнийг хянах үүднээс шуурхай штаб Замын хөдөлгөөний удирдах төв дээр байрлаж ажиллана. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг тус бүрд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Мөн төрийн алба хаагчдын цалинг арга хэмжээтэй давхцуулж тавихгүй байх хүрээнд хангаж ажиллаж байгаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 28 хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тээврийн хэрэгслийн ангиллыг гаргасан. Энэхүү ангилалд цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл, оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй, авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл, дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, болон таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарах юм. Мөн дугаарын хязгаарлалт тэгш, сондгой байхаас гадна 07:00-23:00 цагийн хооронд хязгаарлалт явагдах тул хөдөлгөөнийг бүсчлэлгүйгээр зохион байгуулна.

Арга хэмжээ болох бүсийн авто зогсоолыг бүрэн хаана. Тодруулж хэлбэл, тус хэсэгт хамаарч байгаа Дүнжингарав худалдааны төв, Шинэ 100 айл болон Нарантуул худалдааны төвийн зогсоолыг хаах юм.

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд хязгаарлана.

Мөн Өгөөмөр захын нүхэн гарцаар Нарантуулын урд талын уулзварыг хаана. Эдгээр бүс рүү нийтийн тээврийн хэрэгсэл, онцгой байдлын тээврийн хэрэгсэл мөн тухай дүүрэгт оршин сууж буй айл өрхийн тээврийн хэрэгсэл нэвтэрч орно. Эдгээр оршин суугчдын бүртгэлийг хийж баталгаажуулж байгаа. Зорчих хөдөлгөөнийг хэвийн урсгах үүднээс хөдөлгөөнийг ингэж зохицуулж байна. Иргэдэд зориулж Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг хоёр богино эргэлтийг гаргасан. Тодруулж хэлбэл, Офицерын ордноос Нарантуул худалдааны төв, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Нарантуул худалдааны төв гэсэн хоёр богино чиглэлд явна. Энэхүү хоёр чиглэл нь иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд төлөвлөгөөний дагуу ногоон тэмдэгтээр тусгаж өгсөн.

Мөн явган хүний хэсэгт сайн дурын ажилчидтай хамтарч ажиллаж байна. Иргэд хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн иргэд нийтийн тээврийн апплейкшин дээрээс хөдөлгөөний зохицуулалтыг хаана, яаж хийж байгааг нарийн зааж өгсөн байгаа. Үндсэндээ, хязгаарлалтад ороогүй тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг шалгаж цэнхэр, ногоон бүс рүү нэвтрүүлэхээр болсон. Цэнхэр бүс нь НҮБ-ын хамгаалалтад байгаа бүс, ногоон бүс нь иргэд олон нийтэд нээлттэй бүс учир маршрутыг ойлгох хэрэгтэй. Олон улсын арга хэмжээнд зориулж хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа учраас Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж ойлгох хэрэгтэй. Зөвхөн дотогш бараа бүтээгдэхүүн татан авалттай холбоотой тээврийн хэрэгсэл нэвтэрнэ. Үүнээс гадна нийтийн тээврийн хэрэгсэл бас зогсох учир иргэн бүрийн тээврийн хэрэгсэл зогсоно гэж ойлгож болохгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670151
0 эможи

keyboard_arrow_up