Г.Дамдинням: Шатахуунд оочерлуулж, бухимдуулж байгаадаа ард иргэдээсээ хүлцэл өчье

2026 оны 8 сарын 03

Arslan.mn

Шатахуунтай холбоотой асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас хэвлэлийн хурал зохион байгуулж байна.

Мэдээллийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Бухимдуулж, оочерлуулж байгаадаа ард иргэдээсээ хүлцэл өчье. Ийм байдал үүссэн учир шалтгааныг тайлбарлая.

Монгол Улс шатахуун, түлшний хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас авч ашигладаг. ОХУ нь сүүлийн хэдэн жил Украин улстай цэрэг дайны ажиллагаатай байгаа ч найрсаг хөршийн хамтын ажиллагааны үр дүнд сүүлийн нэг жил шатахууны боломжоороо нийлүүлж байсан. Гэвч энэ оны эхэнд Ормузын хоолойн асуудлаар дэлхийн нефтийн тээвэр, бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учирсан. Газрын тосны салбарт түүхэнд байгаагүй хямрал үүсэж, бүх улс энэ хямралыг туулж байна.

Манай улсын хувьд ОХУ-тай тогтвортой ажиллаж, бэрхшээлтэй цаг үеийг харьцангуй боломжийн даван туулж буй ч нөлөөлөл байна. Энэ оны долоодугаар сарын байдлаар Украин улс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү 190 удаагийн дроны довтолгоо хийснээр газрын тос боловсруулах 16 үйлдвэр нь ажиллагаагүй болж, үйлдвэрлэлийн хүчин чадал нь 45 хувь хүртэл унасан. Манай гол нийлүүлэгч орон шүү дээ. Ингэснээр 2026 оны 6-7 дугаар сарын байдлаар ОХУ-ын мужуудынх нь 90 хувьд шатахуун хомстсон, 78 муждаа 30 литрээс илүү хэмжээгээр олгохгүй байх хязгаарлалттай. Экспортдоо хориг тавьсан. Гэхдээ үүнд манай улс ороогүй. Онгоцны түлшээ гаднаас импортолж байна. Сар бүр 400,000 тонн хүртэлх шатахуун Энэтхэг, Беларусь зэрэг улсаас импортолж байна.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүн ашиглаж эхэлсэн цагаасаа л хараат байсан. Шатахууны асуудал хариуцсан сайд нараас энэ зовлонг үүрээгүй сайд байхгүй. Би өөрийгөө өмөөрч байгаа юм биш, байсан нөхцөл байдал нь л энэ.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 14 хувиар өсөж байгаа. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 178, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 195, жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 193 аж ахуйн нэгж байгаа. Гэвч бүтээгдэхүүн оруулж ирж чаддаг нь 20 хүрэхгүй. Газрын тосны бүтээгдэхүүн бол түгээмэл олдоцтой зүйл биш. Ялангуяа Ормузын хоолойн хямрал, ОХУ-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор манай бүс нутагт бэлэн бүтээгдэхүүн олдохгүй байна. 

Бид зургаадугаар сарын сүүлд гэхэд 40 хоногийн нөөцтэй байлаа. Харин долоодугаар сард нийлүүлэлт 40 хувь буурсан. Ийм байдлыг тооцоолж байсан тул нэгдүгээр сараас бүрдүүлж байсан нөөцөөрөө даваад гарсан. Долоодугаар сар бол түүхэнд байгаагүй олон фестивальтай, залгуулаад бүсийн наадамтай байлаа. Хэрэглээ эрс өссөн. Долоодугаар сарын хэрэглээ хамгийн багадаа хоёр дахин өссөн, зарим аж ахуйн нэгжийн мэдээгээр гурав дахин өссөн байна.

Зах зээлд бэлэн бүтээгдэхүүний олдоц тааруу байгаа. Гэвч бид ажилласаар байна. Бүх улс оронтой харилцаж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670072
0 эможи

keyboard_arrow_up