Усанд боогдон гарах боломжгүй болсон 8 хүүхэд, 7 том хүнийг аврах завиар аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргажээ

Өчигдөр буюу 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орсон аадар борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Өлийн амны Ногоон толгойн 3, 35 дугаар гарам өртөөний орчимд уулын жалга, усны урсац эрчимжиж, үер буусны улмаас ойр орчмын айл өрхийн гэр, байшин, хашаа үерт автсан тухай дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, дүүргийн менежер Д.Баярсайхан нарын удирдлага дор дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, мөн нийслэлийн Аврах ангийн нийт 53 алба хаагч 7 автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллалаа.

Аврах ажиллагааны хүрээнд үерийн усанд боогдон бие даан гарах боломжгүй болсон 8 хүүхэд, 7 том хүн буюу нийт 15 иргэнийг аврах завиар аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллав.
Дээрх аврах, хариу арга хэмжээний ажлын дараа Үер, усны үед ажиллах Шуурхай ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр шуурхай хурал зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
Өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 07:00 цагт дүүргийн менежер Д.Баярсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Нямдорж нар холбогдох байгууллага, албадын хүч хэрэгслийг шуурхай татан оролцуулж, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллав.
Үерийн улмаас үүссэн лаг, шаврыг цэвэрлэх, тогтсон усыг соруулах, хамгаалалтын далан болон ус зайлуулах суваг, шуудуу татах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, эвдэрсэн автозам, нүхэн гарцыг сэргээн засварлах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажилд Онцгой байдлын хэлтэс болон холбогдох гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагууд хүч хэрэгсэл, автомашин, техник тоног төхөөрөмжөө дайчлан оролцож ажиллаж байна.
