Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 465 иргэнийг албадан гаргав

Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.
Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 24997, хөрөнгө оруулах зорилгоор 5539, суралцах зорилгоор 4570, гэр бүлийн шугамаар 3031, бусад зорилгоор 3268 гадаадын иргэн оршин сууж байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв. Тус газар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг хийдэг байна. Энэ хүрээнд энэ оны эхний зургаан сард төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгуулжээ. Улмаар шалгалтаар зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлсэн байна. Зөрчлийн тухайд оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байгаа аж.
Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.
2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна.
Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
